Ц.Дуламсүрэн: Наадам хойшлуулна гэдэг утгагүй. Хөдөө орон нутгийн ард иргэд наадаж чадахгүй байдалд хүрлээ
Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос аймаг, сумдын наадмыг хийхгүй байх Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийлээ.
Тус холбооны дэд тэргүүн Монгол Улсын Тод танлай уяач Ц.Дуламсүрэн "Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор аймаг, сумдын уяачид маань морио уралдуулахгүй, бөхчүүд нь барилдахгүй, харваачид нь сум тавихгүй гэдэг бол Үндсэн хууль зөрчиж ялгаварлан гадуурхсан үйлдэл. Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй байх тухай заалт байдаг шүү дээ. Тиймээс хот тойрсон эрлийз морьтой уяачид, допингтой бөхчүүдэд зориулсан наадам хийж болохгүй. Наадна гэдэг чинь ард түмэн баясахыг хэлдэг юм.
Мөн наймдугаар сар гэдэг бол морь уралдуулах цаг биш. Малчид маань намар, өвлийн бэлтгэлээ хангаад хадлан тэжээлээ базааж байх хугацаа. Хөдөө орон нутгийн ард иргэд наадаж чадахгүй байдалд хүрлээ. Улаанбаатар хотын хэдхэн хүмүүс наадаж, уралдах гэж байна. Ийм алагчилсан наадам байж болохгүй. Монголын уяачдын 90 гаруй хувь нь хөдөө орон нутагтаа амьдарч байна." гэсэн юм.