ЗХЖШ-ын удирдлагууд эрх мэдлээ ашиглаж доод албан тушаалтнаа ДАРАМТЛАН ажлаас нь гаргахад хүргэжээ
Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын буруу шийдвэрээс болж ажил алба, нэр төрөөрөө хохирсон гэх иргэн О.Батдэлгэр, түүний өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ. Иргэн О.Батдэлгэр нь ЗХЖШ-ын харъяа 032-р ангид ахлах ахлагч цолтой ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ.
О.Батдэлгэр “ЗХЖШ-ын харъяа 032-р ангийн удирдлагуудын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон. Байлдагч Г.Бямбадоржийн цэргийн алба хаах хугацаандаа надад зодуулсан гэх гомдлын дагуу ЗХЖШ-аас хурандаа н.Ариунболд, н.Батжаргал нар ирж шалгасан. Хэргийн шийдвэр эцэслэн гараагүй байхад шалгалт хийсэн удирдлагууд намайг нэг хоногийн дотор ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардсан. Миний гэм буруу тогтоогдоогүй байхад эрүүгийн гэмт хэрэг хийсэн мэтээр ажлын байран дээр дарамт, шахалт үзүүлсэн. Иймээс миний бие дөрөвдүгээр сарын 22-нд өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн. Г.Бямбадорж гэх залуугийн гүтгэлгээс болж ажлаасаа гарч, таван хүүхдээ тэжээж чадахгүйд хүрч байна.
Би Г.Бямбадоржид гарч хүрч байгаагүй. Г.Бямбадорж нь 2019 оны намар цэргийн албанд татагдан ирсэн бөгөөд 2020 оны аравдугаар сард халагдсан. Энэ хугацаанд тус байлдагчийн эгч болон ахаас миний дансанд 140 мянган төгрөг орж ирсэн. Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан цэргүүдэд ахуйн хэрэглээний зүйлс дутмаг байсан. Иймээс эргүүлд гарч байгаа ахлагч нараар дамжуулан хэрэгтэй зүйлсээ авахуулья гэх саналыг цэргүүд ротын даргад тавьсан.
Гэрээс нь орж ирсэн мөнгөөр ахуйн хэрэглээний зүйлс авч өгөөд, баримтыг нь үзүүлж байсан. Зодуулсан гэх цэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчийн эмнэлгүүдэд үзүүлсэн. Эмчийн үзлэгээр үрэвслээс шалтгаалсан гэх онош гарсан. Гэтэл байлдагчийн ар гэрийнхэн эмчээс нь зодуулсан гэх бичиг хийгээд өгөөч гэж гуйсан байгаа талаар мэдээлэл авсан” гэсэн юм.
О.Батдэлгэр болон түүний өмгөөлөгч ЗХЖШ-аас уг хэрэгт холбогдуулан очиж шалгалт хийсэн гэх алба хаагчдыг шалгуулахаа мэдэгдлээ.