Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хасна

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

-Шөвгөрсөн бөхчүүдэд батламж гардуулж, допингийн шинжилгээний дараа цол олгох заалт багтжээ-

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам хаяанд ирсэн ч допинг, цолны маргаан, эрлийз, монгол морьдын асуудлаа шийдэж чадахгүй өдийг хүрлээ. Угтаа Үндэсний их баяр наадмын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх хуулийн төслийг үндэсний спортын холбогдох холбоод нь боловсруулсан ч УИХ-ын чуулганаар хэдийд хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм. Хэлэлцэх хугацаа нь тодорхойгүй ч долоодугаар сарын 1-нээс өмнө батлахаар төлөвлөж байгаа бололтой. Ямартай ч наадмын өмнө хэл ам дагуулсан асуудлуудаа шийдэх товтой байна. Монголын үндэсний бөхийн холбоо, бөхчүүд, бөхийн зүтгэлтэн болон бөх сонирхогчдын зүгээс дараах хэд хэдэн онцлох заалтуудыг өргөн барьжээ. Хуульд баяр наадмаар гардаг маргаан, асуудлуудыг тодорхой хуульчилж байгаа аж. Тухайлбал, допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага оногдуулах тухай маш тодорхой заалт оруулж өгчээ. Үүнээс үндэсний бөхийн барилдаантай холбоотой заалтуудыг хүргэе.

Зургаадугаар зүйл.

Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг

6.1. Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачдад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн Засаг дарга тус тус олгоно.

6.2. Наадмын допингийн шинжилгээний хариу ирсний дараа цолыг олгоно.

Долоодугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан

7.2.12. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл улсын аварга;

7.2.13. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 10 давж түрүүлбэл улсын даян аварга;

7.2.14. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 9 давж үзүүрлэвэл улсын даян аварга;

7.2.15. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 10 давж түрүүлбэл улсын дархан аварга цол олгоно.

7.4. Аймгийн баяр наадмын 10 жил тутам тохиох тэгш ойд 256 бөх барилдаж 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давсан бөхөд аймгийн харцага, 7 давсан бөхөд аймгийн заан, 8 давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.

7.4.1. Аймгийн баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давж үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, 7 давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.

7.5. Сумын баяр наадамд 10 жил тутам тохиох тэгш ойд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд сумын начин, 6 давсан бөхөд сумын харцага, 7 давсан бөхөд сумын заан цол олгоно.

7.5.1. Сумын баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 64 бөх барилдах бөгөөд 5 давж үзүүрлэсэн бөхөд сумын начин, 6 давж түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно. 7.6. Аймаг, сумын баяр наадамд барилдах бөхчүүдийг бүртгэхдээ яс үндэс, харьяалал, төрсөн болон оршин суух хаягаар ялгаварлахыг хориглоно.

 7.9. Энэ хуулийн 7.8-д заасан цол амжилтаар эрэмбэлэх заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй.

7.9.1. Зөвхөн улсын аварга, даян аварга цолтнуудыг эрэмбэлэхдээ цол хүртсэн он дарааллаар нь эрэмбэлнэ.

14 дүгээр зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

14.3. Энэ хуулийн 10.2- т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасаж, бүх төрлийн барилдаанд барилдах эрхийг 4 жилээр хасна. Түүнд унасан бөхөд цол, чимгийг нөхөж олгоно. Илүү тодруулбал, допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг доод тал нь хоёр, дээд тал нь дөрвөн жилээр хасах аж. Гурав болон дөрвөн жилээр эрх хасахдаа допингийн хэдэн төрлийн бодис илэрснийг нь харгалзан үзэх юм. Үүнээс гадна допингийн асуудалд хоёр дахиа холбогдвол дахин барилдах боломжгүй болгохоор хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. Өмнө нь бөхчүүдээс допинг илэрсэн тохиолдолд тухайн бөх хариуцлагаа 100 хувь үүрдэг байсан. Тэгвэл допинг хэрэглэхийг зөвлөсөн эмч, дасгалжуулагчийн эрх болон бөхийн дэвжээнд нь хариуцлага тооцох аж. Тухайлбал, бөхийн дэвжээнд мөнгөн торгууль оногдуулах бол эмч, дасгалжуулагчийн эрхийг хоёр жилээр хасах заалт оруулж байгаа бололтой. Допингод холбогдсон бөхөд чанга шийтгэл оногдуулахгүй, бөхийн шийтгэлд харилцан ялгавартай хандсанаас үүдэн маргаан тасрахгүй байгаа. Тэгвэл бөхөд авах арга хэмжээг чангалснаар допингийн асуудлыг цэгцрэхийг мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхий дахинд тархсан коронавирусийн цар тахал манай улсад эрчимтэй нэмэгдэх болсон. Шинжилгээ өгч байгаа таван иргэн тутмын нэг нь коронавирусийн халдвартай байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт 10 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, 50 гаруй хүн нас баржээ. Үүнээс улбаалан Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхийг хойшлуулах, цуцлах санал гаргаад байгаа юм. Гэхдээ мэргэжлийн байгууллагын саналыг хүлээн авч наадмыг хойшлуулах, эсвэл цуцалсан ч Баяр наадмын тухайн хуулийн нэмэлт өөрчлөлтийг долоодугаар сарын 1-нээс өмнө заавал хэлэлцэж, допингийн маргааныг нэгмөсөн шийдэхгүй бол Монголын өв соёл, үндэсний дархлаа болсон үндэсний бөхийн нэр хүнд, үнэлэмж унаж байгааг тодотгоё.

УЛСЫН АВАРГА Н.БАТСУУРЬ, Э.ОЮУНБОЛД, АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА, ХАРЦАГА Б.БАТОРШИХЫН АСУУДЛЫГ ХЭН, ХЭЗЭЭ ШИЙДЭХ ВЭ

Ардын хувьсгалын 98 жилийн ойгоор ес давж түрүүлсэн улсын аварга Э.Оюунболд, Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор найм давсан улсын аварга Н.Батсуурь, долоо давсан арслан Р.Пүрэвдагва, зургаа давсан харцага Б.Бат-Орших нарын допингийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын аварга Э.Оюунболдтой холбоотой маргаан хоёр жил үргэлжилж байна. Харин Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гурван бөхийн асуудлаар өнөөдрийг хүртэл ямар ч шийдэлд хүрэлгүй бүтэн жил тойров. Допингтой холбогдсон дээрх дөрвөн бөхөд хэрхэн хариуцлага оногдуулах, цол, чимгийг хураахын тулд төрийн тэргүүний оролцоо шаардлагатай. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тал дээр дорвитой арга хэмжээ авсангүй. Түүний хувьд 10 хоногийн дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид суудлаа тавьж өгнө. Үүнээс өмнө допингтой холбоотой маргааныг эцэслэх болов уу гэсэн хүлээлт олон нийт, бөх сонирхогчид, бөхийн зүтгэлтнүүдийн дунд үүссэн. Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэн тэргүүнд тавих асуудлын нэг нь допингтой бөхийн маргаах байх нь дамжиггүй. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэдэг ч бай, үгүй ч бай дээрх дөрвөн бөхтэй холбоотой асуудлыг яаралтай цэгцлэхгүй бол үндэсний бөхийн нэр хүнд маш ихээр унаж байна.

Хэн нэгэнд тал зассан, дээгүүрээ наймаалцсан шийдвэрүүдээс болж олон бөхийн бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэж, хохирч байгааг энэ дашрамд уламжилъя. Өнгөрсөн жилийн наадмаар допингийн шалгалтад бүдэрсэн нэр бүхий гурван бөхөд өвдөг шороодсон бөхчүүд хэзээ шинэ цолоо авах вэ. Тухайлбал, тавын даваанд улсын аварга Н.Батсуурьт өвдөг шороодсон Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуунд начин цол нөхөн олгох ёстой.

Тиймээс 100 жилийн ойгоос өмнө асуудлыг шийдвэл тэрбээр улсын начин хэмээн цоллуулах нь. Мөн улсын начин Э.Эрдэнэхүү өсөх идэр чимэг хүртэж, Ц.Сандагдорж улсын цолтны эгнээнд багтах учиртай. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн харьяат Н.Мустафа хоёр жил дараалан тав давсан учраас өсөх идэр начин болох ёстой юм. Тэрбээр өнгөрсөн жил улсын өсөх идэр начин Э.Энхбатаар тав давсан. Харин 2019 оны наадмын тавын даваанд улсын аварга Э.Оюунболдод өвдөг шороодож байлаа.

ДОПИНГТОЙ ТЭМЦЭХЭД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА БУЮУ МҮБХ ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ

Монголын үндэсний бөхийн холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос авч, зургаадугаар сарын 25- ны дотор зарлахыг шаардаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд зарлахгүй бол WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагт гомдол гаргана гэжээ. Үүнээс гадна өнөөдөр, маргааш, нөгөөдөр гэсэн гурван өдөрт багтаан нэр бүхий 40 бөхөөс допингийн шинжилгээ авахыг хүссэн байна. Монголын үндэсний бөхийн холбооны Ц.Магалжав болон Цэцдийн зөвлөлийн гишүүд, бөхчүүд допингтой тэмцэх тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдэж, зарим нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг бойкотлох тухай ч яриад амжсан. Үүний манлайд улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй 10 гаруй бөх бий. Допингийн маргааны талаар бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд ийм байр суурьтай байна.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:

-Допингийн асуудалд бид хэрхэвч зөөлөн хандаж болохгүй. Бас ялгавартай шийдвэр гаргамааргүй байна. Тухайлбал, Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор гурван бөхөөс допинг илэрсэн. Тэдний барилдах эрхийг 11 сараар хасах саналыг Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хороо гаргасан. Үүнийг эрс эсэргүүцэж байна. Хэн нэгэн даргад таалагдах гэсэн ийм шийдвэрийг хор уршиг асар их. Бид хэн нэгний мууг үзэх гээгүй. Бөхийн соёлоо л цэвэр авч үлдэх гэсэн юм.

Улсын аварга Ч.Санжаадамба:

-Баяр наадмын комисс, МҮБХ допингтой бөхчүүдийн асуудлыг яаралтай шийдмээр байна. Наадамд хаяанд ирчихлээ. Нэг асуудал шийдэх гэж бүтэн жил тойрдог байж болохгүй. Би хувьдаа допингтой бөхчүүдтэй барилдаж, бүтэн жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлмээргүй байна. Хэрвээ допингтой бөхчүүд энэ наадмаар барилдахаар гарч ирвэл би зодоглохгүй.

Улсын заан Д.Бумбаяр:

-Бид допингтой тууштай тэмцэх ёстой. Гэхдээ нэг зүйлийг анхаарахад илүүдэхгүй. Хэрвээ үндэсний бөхийг спорт гэж үзэж байвал допингийн шинжилгээ авах нь зөв. Тууштай тэмцэж, шийтгэлийг хатуу оногдуулах ёстой. Харин спорт биш ээ, үндэсний өв соёл гэж үзвэл допингийн шинжилгээ авах шаардлагагүй. Нэгэнт спорт биш гэж үзэж байгаа юм чинь шинжилгээ авч үргүй зардал гаргах хэрэггүй.

Аймгийн арслан С.Ерөөлт:

-Допингийн хэрэглэсэн бөхчүүдийн шийтгэлийг ялгавартай оногдуулахаа болих хэрэгтэй. Аймгийн арслан Б.Суманчулуун, Б.Адъяабат нараас допинг илрэхэд цолыг нь хураасан. Тэдний допинг хэрэглэснийг өмөөрөхгүй. Гэхдээ барилдах эрхийг нь хасаж болох байлаа. Ингэж ялгаатай шийдвэр гаргамааргүй байна.

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627819
0 эможи

keyboard_arrow_up