Өнгөрсөн сард Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 94% өсжээ

2021 оны 6 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосноос 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд зөрчлийн хэрэг тодорхой хувиар буурсан байсан бол тавдугаар сард хөл хориог сулруулсантай холбоотойгоор зөрчлийн хэргийн гаралт өсжээ. 

Тодруулбал, тавдугаар сард 189,898 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 72 хувиар өссөн байна. Зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр авч үзвэл 73 хувь нь Нийслэлд үйлдэгдэж өмнөх сараас 35 хувиар, орон нутагт өмнөх сараас 3.2 дахин их зөрчлийн хэрэг бүртгэгджээ.

Нийт зөрчлийн хэргийн 99.1 хувийг цагдаагийн байгууллага, 0.2 хувийг мэргэжлийн хяналт, 0.1 хувийг онцгой байдал, 0.6 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 139,727 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 28 хувиар, 231 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 38 хувиар тус тус өссөн байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80.2 хувь нь эрэгтэй, 19.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 39.8 хувь нь 26-35 насны хүмүүс байна.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд нийт 443 сая 681 мянган төгрөгийн хохирол учирч, 96.8 хувь нь нөхөн төлөгджээ.

Мөн өнгөрсөн сард Танхайрах, Хүний биед халдах, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Мөрийтэй тоглоом тоглох, Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчлийн гаралт буурсан бол зарим төрлийн зөрчлийн хэрэг 3-94 хүртэл хувиар өссөн байна.

Тухайлбал,

  • Хулгайлах зөрчил 3%,
  • Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах зөрчил 9%,
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 10%,
  • Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 19%,
  • Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 24%,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 32%,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 60%,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 94% тус тус өсжээ.  

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас орон даяар зохион байгуулж байгаа “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд прокурорын газрууд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэрэг 574 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.8 хувиар буурсан байгаа боловч зарим газруудад дээрх төрлийн зөрчил өссөн тоон үзүүлэлттэй байна. Тухайлбал, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудад дээрх төрлийн зөрчлийн хэрэг өсжээ. Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэргүүдээс Ойн тухай хууль зөрчих, Амьтны тухай хууль зөрчих зөрчил хамгийн их үйлдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627603
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up