Дулаалгын аян ирэх есөн сард эхэлнэ
Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, олон байраа дулаалах замаар дулаан, эрчим хүчээ хэмнэх зөв дадалд хэвшүүлэх зорилгоор 2014 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд дулаалгын аяныг зохион байгуулахаар боллоо.
Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд дулаалгын материал,эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний бүтээгдэхүүнийг иргэдэд хямд үнээр борлуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан аянд гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт, сурталчилгааны нээлттэй өдөрлөгийг нийслэлийн 9 дүүрэг тус бүр дээр зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгийн үеэр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон импортлон оруулж ирдэг 22 компанийг урьж оролцуулан бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, олон нийтэд танилцуулан ажилласан байна. Иргэд орон гэрээ дулаалж, сайжруулсан зуух хэрэглэснээр хүйтний улиралд нэг өрх 163,900 төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгааг Агаарын чанарын албанаас гаргажээ