ТҮЦ эрхлэгчид ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд ШААРДЛАГА хүргүүлнэ
“Гала” хамтлагийн Ану нэрээр олны танил, дуучин Ч.Уранхолбоо тавдугаар сарын 31-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажилласан. Ингэхдээ хэд хэдэн худалдааны төвөөр орж, хүнсний бүтээгдэхүүнүүдэд хяналт шалгалт хийсэн. Ингэхдээ цагаан самар, алибаба гэх бүтээгдэхүүнийг "танихгүй" худалдагчдад хатуу үг хэлсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байсан.
Тэгвэл ТҮЦ эрхлэгчид ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд ШААРДЛАГА хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар ТҮЦ эрхлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл Б.Дамба "ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дуучин Ануг дагуулан явж ТҮЦ-нүүдэд шалгалт хийж цагаан самар зарсных нь төлөө загнаж зандарлаа. ТҮЦ эрхлэгчид болон ард түмэн энэ үйлдэлд маш ихээр бухимдаж байна. Иймээс бид ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлнэ.
Бид төр засгаас нэг ч төгрөг халамж гуйж үзээгүй өдийг хүрсэн. Татвар, торгуулиа цаг тухайд нь төлж ирсэн жижиг бизнес эрхлэгч биднийг дэмжиж тэтгэхээ байг гэхэд торгож дарамтлахаа болих хэрэгтэй. Дэлхийн ямар ч оронд жижиглэн худалдаа оршсоор ирсэн" гэжээ.