ТАНИЛЦ: Өнөөдрөөс ажиллаж эхлэх ААН-үүд
УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр дараах зургаан төрлийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ. Үүнд:
– Зах худалдааны төвүүд
– Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/
– Зочид буудал
– Амралтын газар
– Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ.
Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна. Тус аж, ахуйн нэгжүүд E-Mongolia-ийн “Covid 19- Verify” аппликейшныг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийнхээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, дархлаажуулалтын мэдээллийг нь шалгах юм.
Мөн тавдугаар сарын 20-ноос тодорхой цагийн хязгаарлалттай үйл ажиллагааг нь нээсэн аж, ахуйн нэгжүүдийг ердийн цагийн хуваариар ажиллах эрхийг нээсэн. Тухайлбал, хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллах бол ресторан, кафе, хоолны газрууд 00:00 цаг хүртэл ажиллана.
Хэдийгээр худалдаа, үйлчилгээний зарим байгууллага аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, нээж буй ч вакцины эсрэг заалттай болон жирэмсэн хүмүүс халдвар авах эрсдэл хэвээр буйг тооцож, өөрөө өөрсдийгөө хамгаалахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.