Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн хохирогчдыг дийлэнх нь 9-13 насны ХҮҮХДҮҮД байна
Дорноговь аймагт 2020, 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг нийт 13 бүртгэгдсэн байна. Үүнээс 5 хэрэгт тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 4 хэргийг хааж шийдвэрлэсэн бол одоогоор мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй 4 хэрэг байгаа ажээ.
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн хохирогчдыг насаар нь ангилж үзвэл 76.9 хувь нь 9-13, 23.1 хувь нь 4-7 насны хүүхдүүд байгаа бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс хүүхдээ хараа хяналтгүй орхидог, харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээдэг, гэр бүлийн орчинд буюу хүүхдийн дэргэд архидан согтуурснаас үүдэлтэйгээр хүүхдүүд дээрх гэмт хэргийн хохирогч болсон байна.
Иймд Дорноговь аймгийн прокурорын газраас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор харьяа сумдын төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудад гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй, эрсдэлтэй орчин, нөхцөлд байгаа хүүхдийн талаарх нарийвчилсан судалгааг гаргаж, тогтмол хяналт тавьж ажиллах, хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар прокурорын Мэдэгдэл хүргүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан байдаг.