Хэрлэн голд суусан хоёр автомашиныг татан гаргаж, зорчигчдыг аварчээ
Онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр голд суусан автомашинуудыг татан гаргаж, дотор нь зорчиж байсан иргэдийн амийг аварчээ.
Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Ахмадын амралт” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 16:45 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/, С /42 настай, эмэгтэй/ “Ниссан Моннис” загварын суудлын автомашинтай “Хэрлэн” голын усанд суусан байсныг аварч, автомашиныг татан гаргасан.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Аягын-Ам” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан 22:10 цагт очиход иргэн Х /49 настай, эрэгтэй/, Б /49 настай, эрэгтэй/ нар “Ланд-80” загварын суудлын автомашинтай “Хэрлэн” голын усанд суусан байсныг аварч, автомашиныг нь татан гаргажээ.
Эх сурвалж: ОБЕГ









