С.Баярцогт нарт холбогдох хэргийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ
Улсын Дээд шүүх С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэхээр дөрөвдүгээр сарын 16-нд товлосон ч шүүхийн байранд халдварын сэжигтэй тохиолдол батлагдсан учраас шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан.
Тэгвэл өнөөдөр /2021.05.12/ С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэнэ.
Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр дөрвөн хэргийг хэлэлцэх бөгөөд хамгийн сүүлд дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх юм байна.
Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн 10 жил хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.