Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг мансууруулах бодис хадгалсан хэрэгт шалгаж эхлэв

2021 оны 5 сарын 03

Arslan.mn

Цахим орчинд фитнесийн хичээл заадаг, загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Олон нийтийн сүлжээнд “цагдаа найзаараа жолоо бариулж зугаалсан”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буруутайд тооцож, шүүхээс баривчлах шийтгэл хүлээж байсан тэрбээр энэ удаа эрүүгийн гэмт хэрэгт шалгуулж байна. Түүнд хөл хорионы үед “үйлчилсэн” найз, цагдаагийн алба хаагчид сахилгын арга хэмжээ авч, тодорхой хугацаанд цалинг нь бууруулахаар болсон юм.

Ташрамд дурдахад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг, хүүхэд, залуучуудыг уруу татдаг хүмүүс, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлэх, хэрэглээг хязгаарлах бодлого барьж шат дараатай тусгай ажиллагаа, хяналт шалгалт тогтмол зохион явуулсаар ирсэн. Үүний үр дүнд 2020-2021 онд хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг 11 бүлгийг илрүүлж, 56 325 хүний нэг удаа хэрэглэх “бараа” хураан авсан бөгөөд эд мөрийн баримтаар хураасан химийн гаралтай бодис 82.8 хувиар өссөн байна.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626393
1 эможи

keyboard_arrow_up