Сургууль хаагдсанаар хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэсчээ

2021 оны 5 сарын 03

Arslan.mn

COVID-19 халдварын тархалтыг дарах хоёрхон арга байгаагийн нэг нь хөл хорио нөгөө нь вакцин юм. Вакцины хүртээмжээс шалтгаалан сүргийн дархлаа тогтох хүртэл улс орнууд хөл хорио тогтоож, халдвараас иргэдээ урьдчилан сэргийлж байна. Гэвч хөл хорио тогтоосон энэ цаг үед дэлхий нийтээрээ гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжиж, өмнөх жилүүдээс хэд дахин нэмэгдэж байгааг НҮБ-аас анхааруулав. Манай улсад мөн адил  гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг  энэ оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн хэмээн ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нийслэлд эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 388 гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгддэг аж.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл  гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүй өчигдөр цагдаагийн 102 дугаарын утас руу залган тусламж хүсчээ. Дуудлагын дагуу  цагдаагийн албан хаагчид очиж хойд эцэгтээ зодуулсан хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн байна.

Тодруулбал, долоон сартай хүүхэд тус эмнэлэгт долоо хоногийн зайтай хоёр удаа хүргэгдэж ирсэн бөгөөд хүүхдийн хөл нь хугарсан, толгой доргилттой хүнд гэмтэлтэй байсан аж.

Энэ он гарсаар 40 гаруй хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирсэн ч удаан хугацаанд хүчирхийлэлд байсны улмаас илүү хүнд гэмтэл авсан байдалтай ирснийг мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал,  “Сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа учир гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжсэн. Хүүхдүүд хүнд гэмтэл аваад  ирж байна” хэмээн ГССҮТ-ийн эмч ярилаа. Хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлдэг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр энэ оны эхний гурван сард нийт 1053 хүн үйлчлүүлжээ. Үүний долоо нь эрэгтэй, 326 нь эмэгтэй, харин 720 нь хүүхэд байв.

Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгдэж, хүүхдүүд хүнд гэмтэж, ГССҮТ-д очих нь нэмэгдсэн  үед хөрш айлд тань хүчирхийллийн шинжтэй дуу чимээ гарвал 102, 107, 108 тусгай дугаарт холбогдон мэдэгдэж, гэмт үйлдлийг таслан зогсооход хувь нэмэр оруулахыг Цагдаагийн ерөнхий газраас сануулж байна.

Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөд хүндрэл үүсдэг. Тэгвэл энэ иргэд цагдаагийн байгууллагын 102, 107, 108 тусгай дугаарт гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг мессежээр мэдэгдэх боломжтой болсон юм.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626363
0 эможи

h
2021-05-03 12:52
худлааа бүүү шааа лаларуудааа харинч дээр сургууль хаасан дэээр
keyboard_arrow_up