Х.Сайнсанаа: Урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ”-д сургах явдал юм

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаатай ярилцлаа. 

-Мансууруулах бодис хэрэглэсний улмаас хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис маш олон төрөл, ангилалтай байдаг. Төрөл, ангилалаас шалтгаалан хүний биед үзүүлэх нөлөө, илрэх шинж тэмдэг нь харилцан ялгаатай байдаг. Тийм учир эцэг эхчүүд энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон тохиолдолд таны хүүхдийн хоолны дуршил гэнэт багасаж, биеийн жин алдагдах, нойрны хямралтай болж орой унтахгүй байх эсвэл олон цагаар их унтах, арьсан дээр идээт үрэвсэл гарах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

-Мөн хичээл, сургуульдаа идэвхтэй явдаг байсан хүүхэд тань хичээлдээ явах дургүй болох, гадаад үзэмж, төрх байдлаа огцом өөрчлөх, өмнөх сонирхол, хобби, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдөх, хариуцлагагүй болох зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.

-Энэ үед эцэг эхчүүд анхны дохио үүссэн байгааг анзаарч мэдэж, ярилцах болон холбогдох газарт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.  

-Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон байж болзошгүй хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, яаж ярилцах ёстой вэ?

-Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ байнга харилцан ярилцаж, үзэл бодлыг нь сонсож байх хэрэгтэй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа анхаарах ёстой нэг чухал зүйл байдаг. Энэ бол орчин. Та хоёрын ярианд ямар нэгэн зүйл, хэн нэгэн саад болохгүй орчинг сонгож, эцэг эхчүүлд маань хүүхдийнхээ ярианд анхаарлаа бүрэн хандуулан чин сэтгэлээсээ ярилцах сэтгэл зүйтэй болсон үедээ ярилцах хэрэгтэй. Хэрэв та өөрөө маш их стресстэй, ууртай байх үедээ эсвэл хүүхэд чинь тухайн бодисоо хэрэглэчихсэн байх үед ярилцлага хийх нь ямар ч үр дүнгүй.

-Эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн бодисын хэрэглээтэй болсон талаар анх сонсоод маш их айж, энэ асуудалд өөрийгөө буруутгаж эхэлдэг. Тэгэхээр эцэг эхчүүд энэ айдас, энэ түгшүүртэйгээ өөрсдөө нүүр тулж, бүрэн ойлголж, хүлээн зөвшөөрсний дараа хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй.

-Ярилцлагын гол зорилго хүүхдийг айлгах, загнах гэсэндээ биш, тухайн бодисын улмаас учирч болох богино хугацааны болон ур хугацааны хор уршиг, үр дагаварыг ойлгуулж, өөрийнх нь бодлыг сонсож ярилцах юм. Зарим тохиолдолд хүүхэдтэйгээ хамт суугаад баттай эх сурвалжаас тухайн бодисын хор уршгийн талаар хамтдаа судлаж ч болно. Ингэх явцдаа харилцан ярилцаж, хүүхэддээ хор уршиг, сөрөг муу үр дагаврыг ойлгуулж болно. 

-Өсвөр насны хүүхдийн хувьд найз нөхөд болон өөрийн гадаад үзэмж гэдэг их чухал байдаг. Тийм учир тухайн хүүхдийн хувьд үнэ цэнэтэй байгаа тэр зүйлийг нь харьцуулан ярих нь илүү үр дүнтэй байдаг.

-Үүнээс гадна эцэг эхийн зүгээс үр хүүхдээ мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол “Хэрхэн хүүхдээ үгүй гэж хэлэх”-д сургах явдал байдаг. Үр хүүхдэд тань хэн нэгэн мансууруулах бодис хэрэглэхийг ятгах үед хэрхэн үгүй гэж хэлэх, үгүй гэж хэлснээр ямар нэгэн найз чинь чамтай найзлахаас татгалзаж байвал энэ бол жинхэнэ нөхөрлөл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хүүхдээ хамгаалж чадна. 

-Бусад орны туршлага болон өвсний хэрэглэний сэтгэл зүйн нөлөөллийн талаар ойлгомжтой тайлбарлахгүй юу? 

-Канад улс нь хэрэглээг зөвшөөрөхөөс өмнө урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг маш удаан хугацаанд хэрэгжүүлсэн, урт болон богино хугацааны ямар хор уршигтай талаар мэдлэгийг хүүхэд, залуучуудад түгээсний дараа хуулиар зөвшөөрсөн. Тухайн үед Канад улсын ерөнхий сайд хэлэхдээ “Бид каннабисийг эрүүл мэндэд хоргүй учраас зөвшөөрч байгаа зүйл огт биш, хууль бус борлуулалтыг зогсоох, хяналтандаа байлгах, өсвөр үеийн хүүхэд залуучуудыг хамгаалах зорилгоор судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр” гэж байсан. Тэгэхээр бид хуулиар зөвшөөрсөн цаад шалтгааныг сайтар судалж мэдээд бусдад зөв мэдээлэл түгээх нь чухал юм. Би өөрөө яг тухайн улсад мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст яаралтай түргэн тусламжийн үзүүлдэг байсан, харамсалтай нь эмнэлгийн тусламж үзүүлээд 5 минутын дараа дахин л хэрэглэдэг нь харамсалтай санагдсан. Бид өөрсдийгөө ухамсартайгаар сонголт хийдэг гэж боддог гэтэл яг үнэндээ тийм биш, судалгаанаас харахад ухамсартай гэхээс илүү аль болох олдоц ихтэй зүйлийг сонгодог, иймээс хуулиар зөвшөөрснөөр хэрэглээний төвшин өсөх эрсдэлтэй юм. 

-Каннабис яагаад аюултай, өсвөр насны хүүхэд яагаад хэрэглэж болохгүй гэхээр хамгийн том шалтгаан сэтгэцийн эмгэг үүсгэж, сэдрээж байдаг. Та насан туршдаа эрүүл амьдрах боломжтой мөртлөө өвс хэрэглэснээр сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэлтэй гэсэн үг.

-Зарим хүмүүс ярьдаг “эрүүл мэндийн чиглэлээр ашигладаг, зөвшөөрдөг” гэдэг, тэгэхлээр бид эх сурвалжийг маш сайн судлах хэрэгтэй, хэрэв эмийн үйлдвэрээс санхүүжилт хийж судалгаа хийлгэсэн бол эрүүл мэндэд сайн гэсэн л үр дүн гарах нь ойлгомжтой. Тиймээс мэдлэг дээр суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг явуулах нь үр дүнтэй юм.

Эх сурвалж: ЦЕГ-ын ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
626286
1 эможи

keyboard_arrow_up