МҮЭХ: Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардав
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц, цаг үеийн бусад асуудлаар дахин мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрч байна.
Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна." гэв.