“Хотгор шанага“-аас авсан хуучин машин 95 саяар үнлэгдэж, төрийн өмчийнх болсон нь
Сонгуульд ялсан улс төрийн хүчний гишүүдтэй ойр байж, тэдний цүнхийг барьж явсан залуус албан тушаалд томилуулах явдал сүүлийн жилүүдэд газар авсан. Мөн улс төрийн намын гишүүдэд хандив өргөснөөрөө ч эрх мэдэлд хүрэх нь их болсныг сонгууль болгоны дараа бодитоор харж байгаа билээ. Ийнхүү албан тушаалд оччихоод хуулийн дагуу ажлаа хийхгүй, эрх мэдлээ урвуулж, хэн нэгэн улстөрч, намд хандивласан мөнгөө татвар төлөгчдийн халааснаас луйвардаж авах гэсэн тохиолдлууд ч олширсон. Энэ болгонтой АТГ-ынхан тэмцэж, хууль зөрчсөн үйлдлүүдийг нь илрүүлэн шалгасаар, шүүхээс ч хариуцлага тооцсоор буй билээ. Ийм нэгэн хэргийн талаар доор өгүүлье.
ХҮНД ДААЦЫН ХУУЧИН МАШИН НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ЗОРИЛГООР АВЧЭЭ
Аймгийн төвүүдийг орон сууц, албан байгууллагыг ус, дулаанаар хангадаг хамгийн чухал объект бол Дулааны цахилгаан станцууд. Дийлэнх нь төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болж үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь Увс аймаг дахь “Улаангомын дулааны станц-II” юм. Аймгийн төвийн хэрэглэгчдийн халуун, хүйтэн ус, дулааны тодорхой хэсгийг хариуцдаг эл станцын гүйцэтгэх захирал Ю.Сайнжаргалыг эрх мэдлээ урвуулсан хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, улмаар хэд хэдэн хүнийг хамтран оролцсон үндэслэлээр яллагдагчаар татжээ. 2016 оны наймдугаар сард уг албан тушаалд томилогдсон Ю.Сайнжаргал 2017 оны тавдугаар сарын 24-нд “Хотгор шанага” компаниас 36 сая төгрөгөөр 7466 УНЧ улсын дугаартай хүнд даацын “Вейбен трак” загварын автомашин хувьдаа худалдан авсан аж. Харин түүнийгээ үеэл ах П.Дамдинсүрэнгээр дамжуулан түүнийх мэтээр баримт бүрдүүлж, тухайн үеийн нэршлээр Увс аймгийн “Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шахаж, өөртөө давуу байдал бий болгосон гэнэ. Зөвхөн автомашины толгой хэсгийг нь ийм үнээр авсан бөгөөд дээр нь нэмж хямд үнээр чиргүүл авч, нийт 48 сая төгрөг зарцуулсан аж.
Уг хүнд даацын машиныг авахдаа Ю.Сайнжаргал нь “Хотгор шанага” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сун Ху Ёнтой 2017 оны тавдугаар сарын 24-нд “Автомашин худалдах, худалдан авах” тухай гэрээ байгуулж, тус компанийн ХААН банкан дахь данс руу 36 сая төгрөг шилжүүлсэн байна. Нэг танилаасаа “Вейбен трак” загварын дээрх машиныг зарах гэж буй тухай Ю.Сайнжаргал сонсоод Улаанбаатарт ирж, “Хотгор шанага”-ын захиралтай уулзсан нь тогтоогджээ.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАХДАА ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ГИШҮҮДДЭЭ НӨЛӨӨЛСӨН ҮҮ
“Улаангомын дулааны станц-II” компанийнхан нүүрс тээвэрлэх автомашин нийлүүлэх гүйцэтгэгч шалгаруулах тендер зарласан ч шаардлага хангах нэг ч тендер ирээгүй аж. Гэтэл захирал Ю.Сайнжаргал нь албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1.1 дэх хэсэгт заасан “Шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана” гэснийг зөрчиж өөртөө давуу байдал олгосон хэмээн буруутгасан юм. Гэрч Б.Д мэдүүлэг өгөхдөө “Захирал Ю.Сайнжаргал шууд худалдан авалт хийх сонирхолтой хүн. Тендерийн үнэлгээний хорооны дарга, ерөнхий инженерийг ажлаас нь чөлөөлж, гишүүдийг нь тушаал гарган сольж байсан. Түүний хууль бус шаардлагыг биелүүлээгүйн төлөө намайг “ажлаа өг” гэх мэтээр шахаж байсан. Би эцэст нь хэрэгт орж магадгүй гэж бодоод би ажлаасаа гарсан” хэмээсэн байна.
Захирлынхаа үгэнд орж, Тендерийн үнэлгээний хороонд ажилласан албан тушаалтнууд нь түүнтэй хамт гэм буруутай, эсэхээ дэнслүүлсэн юм. Эл хэрэгт Ю.Сайнжаргалаас гадна “Улаангомын дулааны станц-II” компанийн туслах нягтлан бодогч Г.Наранмандах, засварын инженер Г.Амартүвшин, борлуулалтын ахлах ажилтан С.Дашсамбуу, нярав Ц.Ганжав, хөдөлмөр хамгааллын инженер Э.Цэвээнчимэд нарыг холбогдуулан шалгажээ. Улмаар нүүрс тээвэрлэх шаланз худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа албан тушаалаа урвуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж Ю.Сайнжаргалд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон хэмээн дээрх хүмүүст прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Увс аймгийн “Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын (тухайн үеийн нэршлээр) захирал Ю.Сайнжаргал 2017 оны есдүгээр сарын 18-нд А/38 дугаартай тушаал гаргаж Нүүрс тээвэрлэх шаланз худалдан авах үнэлгээний хороог байгуулсан бөгөөд даргаар ерөнхий инженер Г.Амартүвшинг, нарийн бичгийн даргаар борлуулалтын менежер С.Дашсамбуу, гишүүдээр нягтлан бодогч Г.Наранмандах, нярав Ц.Ганжав, инженер Э.Цэвээнчимэд нарыг томилсныг хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн аж.
Мөн уг машиныг нийлүүлсэн гэж бичиг баримт бүрдүүлсэн иргэн П.Дамдинсүрэнг “Улаангомын дулааны станц-II” компаниас өөрийн дансанд орсон 95 сая төгрөгийг Ю.Сайнжаргал болон түүний эхнэр Б.Мөнхцэцэгийн ХААН банкны данс руу шилжүүлж дэмжлэг үзүүлсэн. Иргэн Б.Мөнхцэцэгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан хэмээн Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт заасан мөнгө угаасан үндэслэлээр прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
ТӨРИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨС ЗАВШААД ХАМТ ОЛНОО ХӨЛДӨӨ ЧИРЭВ
Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны зургадугаар сарын 16-нд хэлэлцжээ. Шүүгч дүгнэлт гаргахдаа “Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой” хэмээн онцолсон байв. Үнэхээр ч төрийн болон төрийн өмчит байгууллагын албан тушаалтнуудын хууль бус шийдвэр, албан тушаалаа ашиглан ашиг олохоо урьтал болгодог нь монголчуудын төрдөө итгэх итгэлийг алдагдуулж буй билээ.
Тиймдээ ч шүүх хэргийг дэнслээд Ю.Сайнжаргалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1.1-т “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.4.1-т “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасныг зөрчиж “Хотгор шанага” ХХК-иас 36 сая төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74 66 УНЧ улсын дугаартай “Вейбен трак” загварын тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, тухайн үеийн нэршлээр Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт П.Дамдинсүрэнгээр дамжуулан нийлүүлж 95 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцов. Харин Г.Амартүвшин, Г.Наранмандах, иргэн П.Дамдинсүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5-1 дэх хэсэгт заасан “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэснийг үндэслэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэжээ.
Харин Ю.Сайнжаргалын эхнэр Б.Мөнхцэцэгийг П.Дамдинсүрэнгээс ХААН банкны дансаараа шилжүүлэн авсан мөнгийг 10 удаагийн гүйлгээгээр гарган нийт 67.7 саяыг авч зарцуулсан үйлдэл нь “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэсэн ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Харин С.Дашсамбуу, Ц.Ганжав, Э.Цэвээнчимэд нарт холбогдох хэргийг цагаатгасан байна.
Ингээд Ю.Сайнжаргалд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэсэн бол бусад гурван хүнд 6-7 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Тэдний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 25 сая 460 мянга 700 төгрөгөөс шүүгдэгч Ю.Сайнжаргал 15.4 саяыг, бусад гурван хүнээс 3-4 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна. Мөн Ю.Сайнжаргал, Б.Мөнхцэцэг нарын дундын өмчлөлийн орон сууцыг “Улаангомын дулааны станц-II” компанид учирсан 95 сая төгрөгийн хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр болж. Увс аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах шийдвэр гаргасан бол Улсын дээд шүүх хянан хэлэлцээд Б.Мөнхцэцэгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бусад заалтыг нь хэвээр үлдээсэн байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин