ҮХЦ: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр ДЭВШИХ ЭРХГҮЙ гэж үзэв
УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Цэцэд мэдээлэл гаргасан юм.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ҮХЦ-ээс "Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд, Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө" гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр 15.00 цагаас Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Хуралдаанаас УИХ Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Тиймээс Одоо Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногт авч хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хүлээн авбал уг шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр болно. Харин гишүүдийн олонх эс дэмжвэл Цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг дахин хэлэлцэнэ” гэлээ.
Дарга биш ХУУЛЬ яллаа‼️
— Тогмидын ДОРЖХАНД (@dorjkhand_t) April 16, 2021
3 сар сунжирсан ҮХЦ-н хурал нэлээд халуун өрнөв. Ямартаа ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа.
Мэргэжлийн үнэт зүйлс, зарчмаа барьж хуралд үндэслэлтэй, сайн тайлбар хийсэн @Mongol_huu @munkhsaikhan_o хуульчиддаа талархлаа илэрхийлье!pic.twitter.com/lrJdewvXna