Гадаад харилцааны саад ба вакцин

2021 оны 4 сарын 13

Хүн хэлэхээс , цаас чичихээс наашгүй. Ийм үнэн үг байдаг. Монгол Улс албаны хэллэгээр Бүх нийтийн бэлэн байдалд, ярианы хэлээр бол хатуу хөл хорионд шилжлээ.

Энэ 15 хоногт хэрэг, нэмэр болгохоор Засгийн газар шийдэж, Оюутолгойн үр өгөөжийг бүгдээрээ тэнцүү хуваагаад хүртчихлээ.

Тэгтэл нэг асуудал босч ирэв. Вакцин байхгүй гэнэ. Ор тас байхгүй ч биш, дутагдалтай байгаа бололтой юм. 50-аас дээш настай хүмүүсийг вакцинжуулах ажлыг үргэлжлүүлж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Уг нь Монгол Улсын хувьд вакцинжуулалтаараа нэлээд урагштай явж байгаа. Энэ чигээрээ зүтгэж байгаад удахгүй бүх нийтээрээ вакцинд хамрагдана гэж байв.

Ерөнхий сайдын ам бий. Удахгүй, тавдугаар сарын  9-нд “Засгийн газрын 100 хоног” гэдэг уламжлалт тэмдэглэлт өдөр болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сард дөнгөж танхимаа бүрдүүлчихээд “...Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ” гэж байв. Энэ ам нь хэрэгжиж байлаа. Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хойш 350 гаруй мянган хүнийг вакцинд хамруулсан. Энэ нь Монгол Улсын иргэдийн 17 орчим хувь болж байгаа юм.

Тэр бас “Маскгүй зун”-ыг амласан. “...Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 1 гэхэд хөдөө орон нутгийн насанд хүрсэн нийт иргэдээ эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэнээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэсэн. Харин одоо энэ нь саатаж магадгүй болж байх шиг байна.

Ер нь бол Засгийн газрын ажил бол “багийн тоглолт”. Багийн гишүүд үүргээ гүйцэтгэж, ачаагаа үүрч чадаж байж ажил урагшлах ёстой.

Харин энэ удаад вакцин дээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь тааруухан ажиллах шиг боллоо. 2021 оны гуравдугаар сарын 12-нд Олон улсын хөтөлбөрийн хүрээнд ирж буй вакцин хүлээж авахдаа, дараа нь мөн сарын 26-ны өдөр, дөвөрвдүгээр сарын 2 гээд байсгээд л мэдэгдэл хийж шоудаад байсан.

Гэвч яриа хэлэлцээрээ гүйцэт хийж, ачилт таталтаа амжуулж чадсангүй бололтой.

Уг нь Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтыг Ерөнхий сайдынхаа хэлсэн хугацаанд хийчих бүрэн боломжтой. Вакцин үйлдвэрлэж буй хоёр том гүрний дунд оршиж байна. Хойшоо ярьж “...Ах нар аа” гэж, урагшаа холбогдож “..Сайн найзууд аа” гээд үзээд байхад, цөөн хүн амтай манайх бол хангалттай вакциныг богино хугацаанд авчирах боломжтой юм.

Харин ийм яриаг хийхэд Гадаад харилцааны сайд маань баахан жулдаж байна уу гэдэг энд харагдаж байна. Оросын Сергей Лавров, Хятадын Ван И хоёртой Б.Батцэцэг сайдыг харьцуулж болохгүй л дээ. Нөгөөдүүл нь том амьтад. Гэхдээ Б.Батцэцэг нэгэнт л Монгол төрийн томилолттой Гадаад харилцааны сайд учраас хоёр хөршийн сайд нараас эмээлгүй тэдэнтэй харьцаж асуудлаа шийдвэрлэх үүрэгтэй.

Зөвхөн вакцин дээр ч бус ер нь сүүлийн үед Гадаад харилцааны яамны ажил яаж яваад байгаа нь олон нийтэд ойлгомжгүй болсон. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин гэж албаны машинаар баар, зочид буудлын хооронд хүүхэн шуухан зөөсөн “хэрэг” тарьсан. Энэ яахав, хувь хүнтэй холбоотой гэж бодъё. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваатай утсаар ярьж, “..Би чамайг томилсон шүү” гээд баахан юм хэлсэн гэдэг “дэл сул” хов цахим сүлжээнд тараад удаж байна. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгч Х.Баттулга вакцины асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ярьсан, яриагүй гээд бөөн л юм яригдлаа. Ерөөс энэ бүхэн Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой асуудал юм шүү. Гэтэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг таг дуугүй суусаар өнөөдрийг хүрч байгаа юм.

Ер нь Б.Батцэцэг яаж яваад Гадаад харилцааны сайд болчихсон юм бэ. У.Хүрэлсүх бууж, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болоход тэр Гадаад харилцааны сайдаар томилогдож орж ирсэн. Б.Батцэцэг өмнө нь Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. Хоёр жилийн өмнө яамныхаа албан ёсны цахим мэдээллийн сүлжээнд “Хоёр хөрш биднийг эрхшээлдээ оруулъя гэвэл ШХАБ-аар дамжуулах хэрэггүй” гэх гарчигтай түүний ярилцлага дотор мэргэжлийн дипломатч байтугай төрийн жирийн албан хаагч ч илэрхийлж үл болох өгүүлбэр оруулж байлаа. Тэрбээр “...Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтанд орох магадлал байдаг. Харин аливаа олон талт механизмын хүрээнд байвал ингэх боломж амаргүй болдог” гэсэн нь бөөн дуулиан дэгдээж байв. Алдаа байсан.

Үнэнийг хэлэхэд, Б.Батцэцэг Ардын намын боловсон хүчнүүдээс шигшигдэж шалгараад Гадаад харилцааны сайд боллоо гэж хэн ч  бодоогүй. Бас Ардын нам аархаад байдаг боловсон хүчний хувьд ингэтлээ дор орсон гэж хэн ч хэлээгүй, хэлэхгүй. Учир нь Ардын намд Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар гэсэн Гадаад харилцааны яая даа гэсэн сайд нарын нөөц бий.

Ямартай ч улсын алтан аргамж атгах энэ хүн Засгийн газрын үүдээр биш тооноор “шидүүлсэн” нь үнэн юм.

Ядахад энэ Засгийн газар магадгүй, дахин хэзээ ч тохиохгүй байж мэдэх онцгой хар өдрүүдэд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Тиймээс засаг төрд ажиллаж байгаа хүмүүс ядрах, ёолох эрхгүй гэсэн үг. Алдаа гаргах, арагшаа суух ч эрхгүй. Харамсалтай нь Б.Батцэцэг сайд ажил үүргээ хагас дутуу гүйцэтгэснээс болж олон нийтийн дунд эргэлзээ, үл ойлгогдох байдал бий болгов. Үүнийг нь залруулах гэж Ерөнхий сайд нь, Шадар сайд  нь, Эрүүл мэндийн сайд нь “хуйхаа маажиж” үзэгдэв. Хамгийн гол нь энэ гайг зөвхөн Засгийн газар бус Монголын ард түмэн үүрч буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.13 МЯГМАР № 74 (6551)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625437
0 эможи

харамсалтай
2021-04-13 09:41
Гайхахгүй. МАН ын дарга С. Баярын байгуулсан АВЛИГА үнэртүүлсэн гэрээг одоо өөрчлөх гэж монголын засгийн газар зовж байна. Нам дагасан луйварчид төрд гай болох юм даа.
Зочин
2021-04-13 08:55
Вакцин авах мөнгийг нь Хүрэлсүх,Хүрэлбаатар хоёр хулгайлчихсан шүү дээ.
keyboard_arrow_up