ПРОКУРОР: Үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан 46 шийдвэрийг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхийг СЭРГЭЭЖЭЭ
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж заасан байдаг.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2020 онд дээрх хуулийн заалтын дагуу эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 46 прокурорын дүгнэлт бичиж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Тус шүүхээс зөрчлийг хянан хэлэлцээд, прокурорын дүгнэлтийг хүлээн авч 46 шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэжээ. Үүнд:
- эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан 31,
- хуульд байхгүй зүйлчлэлээр шийтгэл оногдуулсан 1,
- харьяалал зөрчиж шийтгэл оногдуулсан 6,
- үндэслэлгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 1 тохиолдол байна.
Харин нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж 7 шийдвэрийг хүчингүй болгожээ.
Иймд тус дүүргийн прокурорын газраас харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмын дагуу зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ажиллах нь зүйтэй байна гэж дүгнэн, дээрх 46 иргэний торгуулийн мөнгийг буцаан олгох арга хэмжээ авч, цаашид хуулийн дагуу ажиллахыг анхааруулсан байна.