Цар тахал ба хариуцлага-4
Энэ тухай дуугарахгүй, бичихгүй байхын арга алга аа. Яагаад гэхээр дэлхийг сандрааж байга COVID-19 цар тахлын гамшиг Монголыг бараг бүрэн хамарчихлаа. Сар илүүхний өмнө дөө уг халдвар авсан хүний тоо хоногтоо 20-30 байсан бол одоо 24 цагт хэдэн зуугаар бүртгэгддэг болов.
Сүүлийн үеийн мэдээгээр хоногт хамгийн олон нь 831 тохиолдол ч бий. Дотоодын халдвар 11 мянгыг давчихлаа. Өвчлөгсдөөс хүнд, маш хүнд хүний тоо өслөө. COVID-оор хоногт дөрвөн хүн нас барлаа гэсэн мэдээ цочоож байна. Саяхандаа Засгийн газар, Улсын онцгой комиссоос шийдвэрлэхдээ хоногт халдварын тохиолдол 200-гаас давах юм бол хөл хорио тогтооно гэж байв. Гэтэл тэр шийдвэр олон нийтэд бараг хүрч амжаагүй байхад халдварын тохиолдол 400-800-д хүрэв. Тиймээс өвчлөл гамшгийн дээд цэгтээ дөхчихлөө. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй нь хөл хорио тогтоож өгөөч гэж ЭМЯ-ныхан Засгийн газарт, УОК-т хүсэлтээ өгөв. Гэтэл УОК уг хүсэлтийг дэмжсэн ч Засгийн газрын хуралдаанаар зарим салбарын үйл ажиллагааг хориглосон ч хөл хориог зөвшөөрөөгүй юм. Тэр цагаас хойш ердөө долоо хоногт халдварын тохиолдол бүр талийж өглөө. Энэ үед “За тэр шүү хөл хорио зайлшгүй хэрэгтэй байна” гэж эс хэллээ гэж ЭМЯ-ны зүгээс ам асуух байдлаар дахин хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа. Улсын онцгой комисс саналыг хүлээж аваад Засгийн газарт дамжуулав. Олон нийт ч хөл хорио тогтоогоогүй нөхцөлд халдвар хумигдахгүй нь гэж байгааг түшиглэн хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр ярилцаж байна. Үнэндээ эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байсан явдал ч гаргах шийдвэрт нөлөөлдөг.
Өмнөх хөл хорионы дараа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихдээ олон нийтийг хамарсан хурал цуглаан, урлаг, спортын арга хэмжээг зөвшөөрч амралт сувилал, зах, рестораныг ажиллуулахаар болсон нь алдаа байлаа гэдгээ ч ярилцсан байна.
Манай удирдагчид сүүлийн 100 жилд улс орноо авч явах, ард түмнээ удирдана гэж чухам юу болохыг цар тахалтай тэмцсэн жил гаруй хугацаанд үзэж байна. Үүнийг бүр тодруулбал өөрийн намынхнаас өөр бүр өөрсдийг нь үзэж чаддаггүй, үзэл бодол нийлдэггүй сөрөг талын хүмүүсийн төлөө анх удаа сэтгэлээ чилээж байгаа. Тэгээд ч тэр үү алдаа оноо нь зэрэгцэж л байх юм. Төр, засгийн залгамж чанар, удирдлагын арга барил нь болхидуу байгаа нь Засгийн газар, удирдах хүмүүсийг байсхийгээд л огцруулдаг, сольдогтой холбоотой биз. Удирдах арга барилын уламжлал ч гэж алга. Энэ байдал цар тахалтай тэмцэх ажлыг зохион байгуулахад муугаар нөлөөлдөг нь ил байна шүү дээ. Нэг л жишээг хэлэхэд цар тахлыг дотооддоо алдсан эхний үед өдөр бүр хийдэг байсан мэдээлэл арай л тодорхой байсан шиг. Гэтэл одоо байдал хүндэрлээ гэдгийг ойлгуулахдаа зөвхөн хэдэн тоо хэлж айлгах маягтай болчихож. Наад зах нь хоногт халдварын тохиолдол нэмэгдлээ гэсэн мэдээг өгөхдөө нийслэлд төд, орон нутагт төд гээд л болоо. Ийм ерөнхий мэдээлж байна.
-Нийслэл чинь том газар шүү дээ. Тэгвэл хаана халдвар илүү байна вэ? гэсэн асуулт гаргахад
-Нийслэлийн бүх дүүрэг, бүх хороонд халдвар бий. Улаанбаатар тэр чигээрээ халдварын голомт болсон гэсэн бүдүүвч хариу хэлэх юм. Уг нь хэн нэгний ажил, амьдралд хаагуур ч юм явах зайлшгүй тохиолдол гарна л даа. Энэ үед эхний үеийнх шиг тийм яам, ийм байгууллага юм уу аль нэг хороололд халдварын голомт бий болоод байна гэдгийг мэдээлдэгсэн бол иргэд тэнд чинь очих боломжгүй юм байна. Ийм газрыг тойрч явах нь зөв юм гэх зэргээр ажил хэргээ зохицуулж болно доо.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохдоо алдаа гаргаснаасаа хойш ийм тодорхой мэдээлэл өгөхөө больжээ. ЭМЯ-ны өдөр бүр цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад заадаг математикийн теле хичээлээс ялгагдахгүй болсон гэвэл нэг их хилсдэхгүй л болов уу. Зөвхөн тоо ярих юм. Үүний зэрэгцээ цар тахлын үеийн хандлагад гарч байгаа алдаа, хариуцлагагүй явдал ч их байгаагаас энэ сэдвийг дахин бичихээс аргагүйд хүрлээ.
Ер нь манай улстөрчид, сайд, дарга нар цар тахлыг далимдуулсан богино зайн явуургүй улс төр хийхээс ер хэтэрдэггүй нь харагддаг. Энд бас нэг жишээ хэлье.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ,
-COVID-ийн халдвар мутацид орсныг илрүүлэх лабораторийг дөрөвдүгээр сарын эхээр байршуулна. Тоног төхөөрөмжийн захиалга нь хийгдсэн. Лабораторид ажиллах боловсон хүчнийг Япон руу 14 хоног дадлагажуулахаар явуулсан гээд одоогоор Монгол Улсад тэр мутацид орсон халдвар орж ирээгүй гэж чанга гэгч дуугарна лээ. Мөн зоригтой хэлж байна даа. Европын бараг бүх орон, хойд хөршид бас Японд хүртэл гарчихаад байгаа тэр халдвар орж ирээгүйг тэр сайд мэддэг юм байна гэе. Тэгвэл мэргэжилтнүүдийн ярианд ямар ч шинж тэмдэггүйгээр PCR-ийн шинжилгээний хариу нь эерэг гарах тохиолдол байна гэх юм билээ. Тэгэхээр тэр халдвар ороод ирсэн байхыг үгүйсгэмгүй байна. Үүнийг жаахан марзандуугаар бодох юм бол тэр мутацид орсон халдвар гээч нь Монголын хил дээр ирчихээд Эрүүл мэндийн сайд нь орох болоогүй гэж хэлсэн гээд хаалга тогшоод зогсож байх юмсан уу. Иймэрхүү мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг байдлаас болж авах арга хэмжээнийхээ цаг хугацааг оройтуулдаг нь нууц биш. Өмнөх Засгийн газар цар тахалд бараг л бууж өгөөд огцорсон шүү дээ. Өнөөгийн Засгийн газрын хувьд тэр замаар явахгүй санаатай л байгаа бололтойдог. Шулуухан энэ Засгийн газар, УОК муу ажиллаж байна гээд хэлэх нь юу ч юм. Зүтгээд оролдоод байгаа байдал ажиглагддаг.
С.Амарсайханаас өмнө хэн нэг сайд ХӨСҮТ-д очиж тэндхийн зарим нөхөд PCR шинжилгээний хуурамч хариу үйлдэж худалддагийг хэн илрүүлсэн юм. Бас цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн хөлс олгох санхүүжилтийг Засгийн газраас аль хэдийнэ гаргасан ч эмнэлгийн удирдлагууд нь сая болтол өдөр, шөнийн ялгааг мартан ажиллаж байгаа хүмүүстээ уг нэмэгдлийг олгоогүй байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгүүдэд очиж ажиллах үеэрээ мэдэв дээ. Ерөөсөө дээрээс гаргасан шийдвэрийг дунд, доод шатанд хэрэгжүүлдэггүй муу зуршил энэ тахалтай хэцүү үед улам ил болж байгаа нэг жишээ энэ. Бас Монголд COVID-19-өөс өөр өвчин байхгүй болсон юм биш ээ. Гэтэл ЭМЯ-ны харьяа зарим эмнэлэгт үзүүлэхээр ирсэн, тусламж хүссэн хүнд өвчтэй хүнээс PCR шинжилгээний хариу шаардчихаад ажиггүйхэн суух болов. Уг нь тэгэх ёсгүйг Засгийн газар, УОК-оос сануулсан шүү дээ.
Саяхан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн долдугаар төвийнхөн ухаан алдаад ирсэн нэг хүнд өвчтөнийг шинжилгээний хариугүй бол авахгүй гээд гэдийчихэж. Аргаа барсан хүмүүс өөр нэг эмнэлгийн таньдаг эмч дээрээ очиход энэ хүн чинь харвалт өгчихсөн байна гээд III эмнэлэг рүү очихыг зөвлөсөн байх юм. Тэгээд тэр заасан эмнэлэгт нь очсон ч цаг алдаж хожимдсоноос тусыг эс олж уг өвчтөн эмэгтэй амиа алдсан байна. Энэ хариуцлагагүй явдал мөн үү, мөн.
Өмнө нь сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүрээ өргөжиж орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй болж байна гэцгээдэг байсан даа. Тэгвэл цар тахал хүчээ авсан энэ цаг үед уушги орлох аппарат ердөө ганц бий гэж сая л харж байх юм. Ер нь цар тахал гэдэг “дайсан”-д бууж өгөхдөө туллаа. Эмнэлгийн ор, тусгаарлах байр эмч, мэргэжилтний хүрэлцээ ч байхгүй боллоо. Тэр дотор эмчилгээний 100 гаруйхан ор байдаг ч хүрэлцэхээ байв гэнэ. Бараг бүх аймагт халдвар дэгдэж хөдөөгөөс хүч сэлбэж байсан эмч, мэргэжилтнийг буцаахаас аргагүйд хүрч хүч мөхөсдөхнө. Эмнэлгийн хариу арга хэмжээний багийнхан ажлаа дийлэхээ бүр больсон. Өдөрт 400-500 дуудлага хүлээн авдаг ч тэр бүхэнд хүрч ажиллаж чадахгүй байгаа тухай тэр халдварын голомтод ажиллагсад зовлонгоо учирлаж байна.
Эрүүл мэндийн салбарт ийм олон зовлон нүүрлэлээ. Гэтэл бас энэ хэцүү цагт зарим иргэний ухамсар мөчид, хариуцлагагүй байдал өвчин даамжирхад нөлөөлж байна. Халдвартай хүний хавьтал болсон хүн хаягаа буруу хэлж, утсаа унтраагаад тусгаарлалтаас зугтдаг. Бас амин хувиа хичээгч зарим нөхөд гамшгийн үеийн дэг журмыг үл хайхран сэлгүүцдэг, дураараа авирладаг нь их байгаа юм.
Налайх орчимд байдаг “Мөнх тэрэлж” гэдэг амралтын газар уржигдархан 20 гаруй залуу зугаалгаар очоод архидсан төдийгүй согтуурцгааж нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг гарав. Амралт, сувиллын газрын ажиллагааг хориглосон үед нэг дор таваас илүү хүн цуглуулахгүй шүү гээд байхад энэ шүү дээ. Амралтын газар ч зугаалагчид ч гамшгийн хууль зөрчсөн буруутан.
Өмнөговиос А гэгч нөхөр дан хулгайн зам сонгон явж хурдан морь наймаалцах гэж Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Сэргэлэн сумаар яваад журамлагдан тэнд тусгаарлагдаж халдваргүй байсан нэг аймгийнхныг хоёр хоног сандаргаад авав. Харин ч түүний шинжилгээний хариу сөрөг гарсан дуулдана лээ. Өмнө нь бас дархан аварга А.Сүхбат мөн л тийм замаар Халх гол хүрч будилаан тарьсан удаа бий. Ингэж эрхээ эдлэхээ мэдсэн хэрнээ нийгмийн хариуцлагаа умартагчид цөөнгүй. Тийм хүмүүсийн сахилгагүй, хариуцлагагүй хандлага цар тахалтай энэ цаг үед аюул дагуулах уршигтай юм л даа. Өнөөдөр гоц анхаарал татаж байгаа нэг юм бол бүх нийтийг вакцинжуулах ажил. Улсын хэмжээнд 460 гаруй мянган хүнийг эхний тунд хамруулаад байгаа тухай мэдээлж байна.
Сайд, дарга нэр нь энэ ажил өдрөөс өдөрт эрчимжиж байгаа гэж ярьсан байгаа. Энэ талаар Азид бараг тэргүүлж байгаа гэж хэлнэ лээ. Гэхдээ уг ажлыг жинхэнэ гардан гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээнээс шалтгаалж цар тахлыг хумих гол найдвар болсон вакцинжуулалт удаашралтай байгааг иргэд хэлж байгаа. Бас арга ядахдаа хөл хорио чухал байна гэцгээх боллоо. Яахав хөл хорио болдог л юм байгаа биз. Гагцхүү эргэлзүүлсэн бодол төрөхөөр хэл үг, сурталчилгаанд бодмоор юм бас бий. Хөнгөн халдвар авагсдыг гэрт нь тусгаарлана. Тэдэнд заавал цар тахлын эмчилгээ шаардлагагүй. Бас халдвар авсан хүн долоо, арав хоногийн дараа вирус халдаахгүй учир ажлаа хийж нийгмийн харилцаанд орж болно. Тийм хүмүүсээс айх явдалгүй ч гэх шиг. Энэ үгс нь халдварын дэг журмыг чанд сахь, болгоомжтой бай, өөр хоорондоо зай барь гэж сэрэмжлүүлэх санамж захиасынхаа үнэ цэнийг бууруулаад байгаа юм биш үү дээ. Вакциныг нэг хэсэгт нь хийснийхээ дараа элэгний В, С, D вирустай хүнд цар тахлын эсрэг вакцин хийж болохгүй гэж хэлээд заримыг бухимдуулсан. Бас нөгөөг онцолж хэлэхэд Улсын болон Нийслэлийн онцгой комиссын гаргасан зарим шийдвэр хоорондоо зөрүүтэйгээс иргэд алийг нь мөрдөхөө мэдэхгүйд хүрч байгаа юм. Иймээс цар тахлын үеийн үг, ажил хоёр яв цав тохирч байх нь чухал биз ээ.
COVID-гүй зуны төлөө гэсэн Засгийн газрын уриа харин хүмүүст итгэл өгч байна. Гэхдээ цар тахлын “дайн”-д ялахад зай ч байна лай ч байна даа. Дээр доргүй дэг журмаа сахиж, хүн бүр хариуцлагатай байх л хамгийн гол нь.
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин