Нийгмийн доод давхаргаас ирсэн хүмүүсийг төлөвшүүлэхэд хүндрэлтэй байдаг гэв үү
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2021.04.06/ зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга Д.ГАНЗОРИГ: Ёс суртахууны байдал дээр бид ажилладаггүй биш ажилладаг. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал залгуулахад хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Хамгийн сүүлд хэрэг явдал болсон цэргийн анги дээр хэзээ, ямар сургалт хийсэн бэ. Эх орныхоо төлөө цэргийн алба хаагаад ирээрэй гээд явуулж байгаа болохоос яргалалд өртүүлэх гэж явуулаагүй. Цаашдаа ямар баталгаа төр өгөх юм бэ. Энэ жил цэргийн албанд очих хүмүүст бид юу хэлэх вэ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Батлан хамгаалахын яаманд нэг утас ажиллаад энэ ажил хэрэг болохгүй. Бид нэг удаагийн хурал хийгээд өнгөрөөмөөргүй байна. Өмнө нь хэн ямар хэрэг хийгээд ямар шийтгэл авсныг нь нийтэд ил болгох хэрэгтэй. Тэгээд тэр офицер хүн зодож алахад зэвсэгт хүчний байр сав, мөнгө санхүү ямар хамаатай юм. Д.Ганзориг чи хандлагаа өөрчлөхгүй бол ЗХЖШ өөдлөхгүй. Юм бол мөнгө төгрөг, байшин сав ярина. Бага дарга хүн зодоход байшин сав ямар хамаатай юм.