ПРОКУРОР: 50-иас дээш насныхан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан зөрчилд ихээр холбогджээ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, зөрчил гарах болсон шалтгаан нөхцөлийг энэ оны 1 дүгээр сарын байдлаар судалжээ.
Дээрх хугацаанд тус дүүргийн хэмжээнд нийт 978 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл 15.74 хувийг эзэлж байна.
Энэ төрлийн зөрчилд холбогдогчийн ихэнх нь 50-иас дээш насныхан байгаа бол 24 хувь нь 18-30 нас, 37 хувь нь 31-50 настай хүмүүс байна.
Тиймээс дүүргийн прокурорын газраас тухайн зөрчил ихээр үйлдэгдэж буй 14 хороодын Засаг дарга нарт Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Улсын онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн засаг даргын захирамжийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэсэгчилсэн, эсвэл цахим сургалт зохион байгуулах, зурагт хуудас байршуулах, гарын авлага боловсруулж тараах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.