Б.Баатархүү: Н.Түвшинбаярыг хүний эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол учруулсан гэх үндэслэлээр баривчилсан
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг нутаг нэгт бөх, дотнын найз Э.Энхбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байсан бол өчигдөр орой 23 цагийн орчимд 461 дүгээр хорих анги руу ачсан талаар бид өмнө мэдээлсэн.
"Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн"
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү " 4-р сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Залуу монгол оффист хүн зодолдож байна гэсэн дуудлага цагдаагийн газарт ирсэн. Тус дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж ажилласан. Гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авсан. 4-р сарын 4-ны орой Н.Түвшинбаярыг хойшлуулшгүйгээр баривчлан хорих 461-р анги руу аваачсан. Шалгалтын ажил үргэлжилж байна. Одоогоор Н.Түвшинбаяр Эрүүгийн хуулийн 11.1- т зааснаар яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлээд байна." гэв.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.