Тээврийн прокурорын газраас “Зам тээврийн осолгүй манлай нийтийн тээврийн компани“ АЯНЫ ДҮНГ гаргажээ
Тээврийн прокурорын газраас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран “Зам тээврийн осолгүй манлай нийтийн тээврийн компани” аяныг 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс жилийн хугацаатай зохион байгуулж, дүнгээ гаргажээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний явцад зам тээврийн осол, хэрэг гарах, түүний улмаас иргэд зорчигчид болон аж ахуйн нэгж байгууллага хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус аяныг зохион байгуулсан бөгөөд Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 23 автобус, троллейбусын компани хамрагдсан байна.
Нийтийн тээврийн компаниуд нь зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, түүнд тавигдах стандарт шаардлагыг хангуулах, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлөх шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авах, нийтийн тээврийн үйлчилгээнд Замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиулах, жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ.
Дээрх аяны хүрээнд зам тээврийн осол, хэргийг тодорхой хэмжээгээр бууруулсан “Тэнүүн-Огоо” 3 дугаар бааз, “Мяралзаа”, “Блюбус” компаниудад “Өргөмжлөл” гардуулсан бол “Сутайн буянт”, “Автотерминал трейд”, “Трансбус Дюц” компаниудад “Талархал” үнэ бүхий зүйлийг дурсган урамшуулсан байна.
Шагнал гардуулах арга хэмжээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Нямгэрэл, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндорж, Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ганбат нар болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын удирдлагууд оролцож, нийтийн тээврийн үйлчилгээнд анхаарах асуудал болон зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар санал бодлоо солилцжээ.