УЕПГ: Прокурорын байгууллага 230 хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Энэ оны 3 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын байгууллага 230 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс Нийслэл, дүүргийн прокурорын газрууд нийт 130 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дээрх хугацаанд прокуророос эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 84 гомдол, 73 хүсэлтийг шийдвэрлэсэн бол тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 299 даалгавар бичгээр өгсөн байна.
Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл хүргүүлсэн байна.
Харин зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 5 прокурорын шаардлага бичжээ.