Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ШААРДЛАГА хүргүүлжээ
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс”-ийн эрх бүхий албан тушаалтны Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгалаа.
Тус хэлтэс нь 2020 онд хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарт ирсэн дуудлага, мэдээллээс шалган шийдвэрлэвэл зохих 587 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас 163-ыг нь Цагдаагийн байгууллагад шилжүүлж, 424 дуудлага, мэдээллийг гэмт хэргийн шинжгүй, эрсдэлийн түвшин бага гэж үзэн харьяа хорооны хамтарсан багаас хяналт тавьж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажилласан байна.
Шалгалтаар тус хэлтсийн улсын байцаагч нь “албан тушаалын тодорхойлолт ирээгүй” гэх шалтгаанаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байсан тул илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин давтан гаргахгүй байх, улсын байцаагч хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг удирдах албан тушаалтан уг ажиллагааг удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах талаар Прокурорын шаардлага хүргүүлжээ.
Үүний үр дүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч нь 2021 онд хүүхдийн эрх зөрчигдсөн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэргийг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч нарт хуулийн зохих хариуцлага тооцуулан ажиллаж байна.
Эх сурвалж: УЕПГ
|