А.Отгонбаатар: Намайг эмнэлэгт байхад хоёр ч хүн бурхан болсон
Монгол Улсад коронавирусний халдварын тархалт өндөр байгаа энэ цаг үед “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатарын ярилцлагыг хүргэж байна. Түүний хувьд коронавирусний халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлээд гарч ирээд буй юм.
-Сайн байна уу. Биеийн байдал хэр байна вэ?
“Сайн. Сайн байна уу. Биеийн байдал нэг үеэ бодвол сайжирч байна. Эмнэлгээс гараад хоёр хонолоо. Эмч нар хэлэхдээ миний бие дэх коронавирус устсан. Гэхдээ уушигны хатгаа эдгээгүй. Иймээс гэрээрээ эмчийн заавраар эмчилгээ хийлгүүлж байгаа.
-Эмнэлэгт тухайн өвчтөнийг бүрэн эдгэртэл нь хэвтүүлэхгүй байгаа хэрэг үү?
-Энэ уушгины хатгаа нь хоёр сардаа шимэгдэж дуусах юм байна. Тэрийг нь хүлээвэл эмнэлгийн оочер, ор дэрний хүрэлцээ хэцүүднэ шүү дээ.
Эмнэлгүүд үнэхээр их ачаалалтай байна. Байдал амаргүй болжээ. Хүмүүс миний босоод ирснийг хараад л зүв зүгээр гэж бодоод байх шиг. Үнэндээ энэ халдвар бол зүгээр нэг ханиад биш юм байна гэдгийг өөрийн биеэр ухаарч мэдлээ. Ачаалал ихсээд амьсгалын аппаратны хүрэлцээ муудвал хүндэрсэн хүмүүс хэцүүхэн байдалд орохоор байна. Хүрэлцээнээс гадна манайд байгаа тэр амьсгалын аппарат нь өөрөө дасан зохицож чадах юм бол дэмнээд байж болохоор. Харин дасан зохицож чадахгүй байвал шууд унтуулга хийгдээд уушгинд нь гуурс тавьж байна. Тэр гуурс тавьсан хүмүүс бол ер нь л найдлага муутай. Намайг эмнэлэгт байхад хоёр ч хүн бурхан болчихсон. Цусан дахь хүчилтөрөгч нь байхгүй болохоор хүчилтөрөгчөөр хангахын тулд тэр гуурсыг холбодог гэдгийг эмч нар тайлбарлаж байлаа. Гуурс холбоход нэг хүнд нэг аппарат зориулагддаг юм билээ. Харамсалтай нь манайд байгаа тэр амьсгалын аппарат хуучин загварын, үзүүлэлт муутай нь байгаа юм. Ойлгомжтойгоор тайлбарлавал, I phone12 гэж байхад манайд Iphone 5 шиг тийм хуучирсан загварын амьсгалын аппарат ашиглаж байгаа юм билээ. Би яагаад энэ бүх нарийн мэдээллийг мэдээд байна гэвэл ХӨСҮТ-ийн Сэхээний тасагт орж эмчлүүлсэн болохоор тэр.
Нэг залуу Францад корона тусаад амьсгалын аппаратанд орчихож. Зургаа явуулж байна. Түүний орж байгаа амьсгалын аппарат нь гэхэд бүх амин үзүүлэлт нь гарч ирдэг. Дусал шингэн хүртэл тухайн аппаратны программаар хийгддэг байх жишээтэй. Би тэр зураг бичлэгийг нь нүдээрээ харлаа. Харин миний орсон аппарат бол хүчилтөрөгч, амин үзүүлэлт хянадаг аппарат нь тус, тусдаа. Ерөнхийдөө болхи талдаа. Амьсгалын аппарат болон эмнэлгийн хүрэлцээ цаашид улам л хомстох шинжтэй. Өдөрт хэдэн зуугаараа халдвар авч байна. Энүүхэндээ гэж хэлэхэд гадуур битгий яв. УОК яаралтай хөл хорио тогтоох хэрэгтэй.
-Олон нийтийн дунд коронагаас дөжрөх, үл тоох хандлага ажиглагдаад байх шиг ээ?
-Нийтийн дунд нэг буруу ойлголт нь хөнгөн туссан хүмүүсийн тухай яриад байна. Би өөрөөрөө жишээ татахад, миний хувьд гуравдугаар сарын 1-ний шөнө маш их халуурч, хөлөрч хоносон. Өглөө 11 цагийн үед үнэрлэх мэдрэмж байхгүй болчихоор нь УОК-ын шуурхай утас руу залгасан. Тэр бол үнэхээр бүтэхгүй юм билээ. Харин халдвартын эмнэлгийнх нь утас руу залгасан нь арай дээр. Тэр л ганц хэрэгтэй утас. Тийшээ залгаад зөвлөгөө авахад “Өөрт ойрхон шинжилгээний төвд PCR өг” гэсэн. Тухайн үед хөдөө орон нутаг руу зам нээгдсэн болоод ч тэрүү шинжилгээ авах цаг нь дуусчихсан байсан. Би ямар ч шинжилгээ өгөх нөхцөлгүй болсон. Халдвартаас “Та оочерлоод гуйгаад ч хамаагүй шинжилгээ өгөх ёстой” гээд л байдаг юм билээ. Ингээд хүнээс “Интермэд” эмнэлэг дээр машинтайгаа оочерлож байгаад 98 мянган төгрөгөөр шинжилгээ авдаг гэхээр нь тэнд очиж өгсөн. Тэгээд батлагдсан. Хариугаа сонсоод халдварт руу яриад “Би эерэг гарчихлаа. Яах вэ” гээд асуусан. Өглөөнөөс хойш маш олон удаа залгаж, сүүлдээ бүр уурлаж байж үдээс хойш 14 цагийн үед халдвартаас хүмүүс ирсэн. Гэтэл “Таны шинжилгээний хариу хамаагүй. Заавал ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна” гээд намайг буудалд тусгаарлачихсан. Тусгаарлагдсан буудал нь ус буцалгагчгүй. Халуурч бүлээрч байхад өөрийн эрхгүй ам цангадаг юм билээ. Тэгэхээр нь хүйтэн ус уугаад дээрээс нь цонх онгорхой байсан болохоор би шууд хатгаа авчихсан юм билээ, сүүлд нь бодоход. Буудалд байх хоёр хоногийн хугацаанд биеийн байдал бүр хүндэрчихэж байгаа юм. ХӨСҮТ-д очиход эмч нар үзээд хүндэвтэр тасагт хэвтүүлсэн. Тэндээ эмчлүүлж байгаад дөрөв дэх хоног дээрээ хүчилтөрөгчийн дутагдалд ороод сэхээний тасагт шилжиж амьсгалын аппаратанд орсон. Сэхээний тасагт нэг хүнийг гурван сувилагч дөрөв, дөрвөн цагийн зайтайгаар хянаж асардаг юм билээ. Хүндрэхэд нэг хүнийг гурван сувилагч асарна гээд бод доо. Үнэхээр олон хүний хүч хөдөлмөр шаарддаг юм билээ. Сэхээнд би эхний хоёр гурван өдрөө юугаа ч мэдэхгүй л өнгөрсөн. Би тэр тасагт долоо хоносон. Тэгээд гайгүй болоод анх орсон хүндэвтэр тасаг руугаа шилжиж, хэд хоног эмчлүүлж өчигдөр эмнэлгээс гарч байгаа юм. Энэ бол маш энгийн үнэн. Надаас бусад нь өөрийгөө өвдсөн, бие нь муудсаныг хүмүүс сонсчихно гээд нэр хүндээ бодоод ярихгүй байх. Хүн үнэнийг л ярих хэрэгтэй. Олон хүн миний ярьснаас сургамж авч, энэ өвчнөөс өөрийгөө сэрэмжлээсэй л гэж хүсэж байна.
“Монголд байгаа корона хамгийн аюултай”
-Эмнэлгийн ачаалал мэдээж их байгаа байх. Та ХӨСҮТ-ийн бодит нөхцөл байдлын талаар ярихгүй юу?
-Францад гэхэд бүхэл бүтэн эмнэлгийг “Сэхээний тасаг” болгосон байна. Манайд бол халдвартын эмнэлгийн хоёр өрөө нь л сэхээний тасаг. Тэгээд л болоо. Тэнд зургаан хүн ороод л дүүрнэ. Дахиад сэхээний хүн авах боломжгүй. Ийм л бодит нөхцөлтэй байна. Нийгэмд олон нийтийн сүлжээгээр маш буруу мэдээлэл сэвээд байна. “Битгий тоо. Зүгээр л ханиад “ гэх мэт. Эцэст нь үхэх гээд эмнэлгийн орон дээр очиход тухайн хүний өмнөөс нөгөө буруу мэдээлэл түгээсэн хүн өвдөхгүй л байхгүй юу. Тийм учраас энэ асуудал дээр хувь хүн бүр өөрийн бодолтой байж, халдвараас хамгаалах хэрэгтэй. Корона ихсээд, нөхцөл байдал хүндрээд ирвэл баячууд л эмчлүүлнэ шүү. Жирийн иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ л үхнэ. Энэ бол хамгийн бодит үнэн.
-Эмчилгээний зардал нэг хүнд найман сая төгрөг гэж яригдаад буй. Энэ талаар?
-Миний УОК-т хэлээд байгаа зүйл гэвэл, өнөөдөр 50 хүн эмчлэгдээд гарлаа гэхэд 45 хүнд нь тийм эмчилгээ, тэдэн төгрөгийн өртөгтэй хийгдсэн. Тав нь тэдэн өдрийн тийм өртөгтэй эмчилгээ авсан гээд нээлттэй зарлах хэрэгтэй байна. Санхүүгийн энэ асуудал чинь өөрөө иргэдийг бухимдуулах шалтгаан болж, итгэлийг нв алдаад байна. Тэгэхээр яг хэнд хэдэн төгрөгийн эмчилгээ хийв. Хамаагүй иргэн А.Отгонбаатарт зарцуулагдсан эмчилгээний зардлыг тайлагнах хэрэгтэй. Түүнээс бус надад хийгдэж байгаа эмчилгээний үнийг би байтугай эмч мэдэхгүй. Жишээ нь, эмч эмнэлэгт нийлүүлэгдэж байгаа тариа дуслыг хэдэн төгрөгөөр орж ирснийг яаж мэдэх юм. Харин тэр ханган нийлүүлэлтийг хийж байгаа хүмүүс л мэдэж байгаа. Монголд байгаа корона аюултай гэдэг нь тэр ханган нийлүүлэлт дээр цавчаа хийдэг хүмүүст л байгаа юм. Таван мянган төгрөгөөр хийгддэг нэг дуслыг манай дарга нар найман мянган төгрөгөөр нийлүүлж байхыг үгүйсгэхгүй. Энэ чинь өөрөө аюул. Ханган нийлүүлэлтийг шалга гэдгийг л би хэлмээр байна. Тодорхой болгомоор байна. Тэнд байгаа эмч сувилагч нар няравын өгч байгаа эм тариаг л аваад өвчтөнүүддээ хийж байна. Эмч, өвчтөн үүнийг мэдэхгүй. Гэтэл хүмүүс “Отгонбаатар аа, тэр дусал хэдэн төгрөгийнх байсан, эм хэдэн төгрөг байв” гээд асуугаад байгаа байхгүй юу. Би ямар эмнэлэгт шалгалтаар орсон хүн биш. Өвдөөд хэвтсэн л хүн шүү дээ.
“ХӨСҮТ-ийн эмч нар өнгөрөгч арваннэгдүгээр сард ихэнх нь өвчилсөн”
-Эмч нарын ажиллах нөхцөл ямаршуухан байх юм?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ХӨСҮТ-ийн эмч сувилагчдын ихэнх нь корона туссан юм байна шүү. Эмнэлэг дотооддоо халдвар алдсан гэсэн үг. Өрөөнүүд нь дүүрсэн юм билээ. Тэр үед өөрсдөө эмчилгээ хийлгэж, ихэнх нь эдгээд ажиллаж байгаа юм байна. Эмч нарын ажиллах нөхцөл хүнд, ачаалал үнэхээр их санагдсан.
-Халдвар авсан хүмүүс өрөөндөө хэдүүлээ байх вэ?
-Орныхоо тооноос л хамаарна. Жижиг өрөөнд нь гурван ор тавьчихад л өрөө нь дүүрчихнэ.
-Хүмүүс ойролцоогоор хэд хоног эмчлүүлж байх шиг байна вэ?
-УОК-ын шийдвэрээр бол нэг өвчтөнийг 10 хоног эмчлээд гаргана гэсэн байгаа юм билээ. Бие нь хөнгөн гайгүй хүмүүсийг. Над шиг хүндэрсэн хүмүүс бол хоног мэдэхгүй шүү дээ. Тухайн хүний бие хэзээ сайжирна, тэр үед л гаргана. Миний хувьд хүндэвтэр тасагт байж байгаад дөрөв хоногийн дараа хүчилтөрөгчийн дутагдалд орсон. Ер нь хүчилтөрөгчийн дутагдалд орчих юм бол нэг өдрийн байтугай хоёрхон минутын дотор л шоконд орчих юм билээ. Анагаах ухаан талаас нь бодсон ч тэр. Уушги чинь ажиллахгүй, хүчилтөрөгч дутагдахад хүн маш амархан багтраад хүндэрнэ. Миний хажуу талын өрөөнд байсан 70 настай өвөө бурхан болоход ар гэрийнхэн нь эмнэлэг рүү залгаад “Зүгээр орсон хүн яахаараа үхдэг юм. Та нар алчихлаа” гээд л дайрч байсныг манай өрөөний ах сонссон байсан. Намайг эмнэлгээс гарахаас гурав хоногийн өмнө 60 гаруй насны нэг эгч нас барлаа л гэж байсан. Эмч нар чадахаараа хичээдэг юм билээ. Даанч энэ халдварт өвчин ийм аюултай байгаа юм.
-УОК, НОК-ын уялдаа холбоо хэр байна вэ?
-“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг үнэхээр үнэн үг юм. Манай УОК, НОК, эмнэлгүүдийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа гэж үнэхээр алга. Тухайлбал, миний халдвар авсан эх үүсвэр тодорхой бус. УОК-ын энэ хийгдээд байгаа бүртгэл мэдээллийн систем нь үнэхээр утгагүй. Халдвар батлаглаа гэхэд, над руу УОК-оос залгана. Миний маршрутыг асууна. Би иргэнийхээ үүргийн хувьд бүх явсан газраа хэлж тайлбарлаад бүгдийг нь хэлээд өгнө. Гэтэл араас нь НОК-оос залгана. Дахиад миний маршрутыг асууна. Мэдээж би өвдөж байгаа, эмчилгээ авмаар байгаа ч цаг гаргаад хоёуланд нь тайлбараа өгч байгаа юм. Гэтэл дахиад дүүргээс асууна. Үнэхээр дургүй хүрмээр. Өвчиндөө шаналж байхад ийм олон газраас яг ижил зүйл асууж байгаа нь ямар ч ажлын уялдаа холбоогүйг илтгэж байгаа юм. Энд би бас нэгэн жишээ хэлье. Ой гарантай хүүхэдтэй нэг эмэгтэйгээс халдвар илэрсэн байгаа юм. Сая надтай хамт эмчлүүлсэн. Тэгсэн тэр хүн рүү эмнэлэгт хэвтсэнээс долоо хоногийн дараа нь шөнө гурван цагаас залгаад “Танай хүүхдээс халдвар илэрсэн байна. Хүүхэд чинь хаана байгаа юм” гэж асуусан байх жишээтэй. Тэр хүүхэд нь нэг настай хүүхэд шүү дээ. Ээжтэйгээ эмнэлэгт байгаа гэдгийг нь УОК мэдээгүй байгаа юм. Тэгэхээр эндээс нэг л зүйл ажиглагдаж байна. Ажлаа мэддэггүй, чадваргүй хүмүүс л төрийн албанд шургалсны хор уршиг юм. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд, төрийн албаны дарга нар эмнэлгээр үйлчлүүлэхдээ заавал улсын эмнэлэгт үзүүлэх ёстой. Үгүй бол ажлаас нь халах хэрэгтэй. Хэрвээ дарга нар улсын эмнэлгээр яваад үзвэл дотор нь байгаа асуудлуудыг өөрийн биеэр мэдэрнэ. Үүний үр дүнд эмнэлгүүдэд анхаарч эхлэх болно. Эрүүл мэндийн салбараа аварна. Эмнэлгийн ажилчдын цалинг хоёр дахин нэммээр байна. Өнөөдөр эмч нар 14 хоног эмнэлэг дээрээ ажилчихаад гэртээ харихын тулд тусгаарлалтад дахиад 14 хоног орж байна. Бараг сарын дараа гэртээ очихдоо хэдхэн төгрөгийн цалин авч байгаа нь энэ салбарын эмгэнэлтэй дүр төрх. Ийм байхад эрүүл мэндийн салбар яаж хөгжих юм бэ.
-Ковидын цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг хангасан гэж албаныхан өнгөрсөн хугацаанд удаа дараа мэдэгдэж байлаа.Таны хувьд сая бүхий л шат дамжлагаар явж үзлээ. Ямар дүгнэлт хийх вэ?
-Дарга нар л өөрсдийгөө бэлдсэн байх. Эмнэлгийн өрөөнүүдийн бэлтгэл байдал бол үнэхээр хүнд. Миний бодлоор ХӨСҮТ-ийн Сэхээний өрөөний агааржуулалтын хоолойг яагаад янзалж болоогүй юм бэ. Хуучны төмрөн агааржуулалтын хоолойтой. Тэр нь ажилладаггүй. Дээр үеийн модон хүрээтэй, дунд нь хөвөн хийж дулаалдаг шилэн цонхтой байх жишээтэй. Миний хэвтэж байсан өрөөний тааз нь цуурчихсан, дусаал гоождог. Аалз гүйнэ, ялаа ниснэ. Харин нөгөө Сэхээний өрөө арай дээр гэж байсан. Хэдэн залуус хандив цуглуулж тохижуулсан гэнэ лээ. Улсын эмнэлгүүдийн тохижилт хандиваар хийгдэж байна. Тоног төхөөрөмж нь хандиваар авагдаж байна. Төр өөрийн хөрөнгөөр авдаггүй. Гэтэл шинээр сонгогдсон Аймаг, дүүргийн Засаг дарга нар төсвийн мөнгөөр шинэ жийп авч унаж байна.
-Вакцинжуулалтын талаар та юу хэлэх вэ?
-Коронагаас урьдчилан сэргийлэх хамгийн гол ажил бол мэдээж вакцин. Гэхдээ манай улс вакцинжуулалтын анхны Ажлын хэсгийн ахлагчаар хэнийг томилсон гээч, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг. Өөрөөр хэлбэл, вакциныг шууд мөнгөний нүдээр харсан. Уг нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт, мөнгийг хоёрт тавих ёстой байсан. Хамгийн ядуу буурай орнуудад түгээх зорилготой “КОВАКС” хөтөлбөрт хамрагдчихсан. Хамрагдахын тулд Дэлхийн банкинд хандаад зургаан хувийн хүүтэй зээлд орж, хаанаас вакцин авахаа заалгах болсон. Уг нь вакцинд 50 сая ам.доллар л зарцуулна.”Энэ мөнгө тийм их мөнгө үү” гэдгийг бодоод үзээрэй. Жастын Ш.Батхүүгийн өрийг дарахад 40 сая ам.долларын өрийг Эрдэнэт үйлдвэр дарсан байдаг шүү дээ. Мөн вакциныг бид маш эрт захиалах ёстой байсан. Канад улс гэхэд, Уханьд корона гарахад л вакцинаа захиалж байсан байгаа юм.Харин манай улс зээл тусламжийн 700 сая ам.долларын үрж байхдаа вакцин захиалаагүй байдаг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН