И.КЕНЖЕ: Барилгын хөгжлийн төвөөс гуравдугаар сард зохион байгуулагдах сургалтын төлөвлөгөө гарлаа

2021 оны 3 сарын 16

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн И.Кенжегээс сургалтын талаар тодрууллаа.

- Салбарын инженерүүд сургалтын талаарх мэдээллийг их сонирхож байна. Иймд гуравдугаар сард зохион байгуулах сургалтын талаар мэдээлэл өгнө үү?

- Манай төвөөс гуравдугаар сард “Заавал болон сонгон суралцах багц цаг тооцох сургалт” -уудыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Салбарын инженер техникийн ажилтнуудыг чадавхижуулах, сонгон суралцах багц цаг тооцох сургалтад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бэлтгэх сургалт”, “Төсөвчний анхан шатны сургалт”, “Барилгын салбарын дэвшилтэт технологийн сургалт”,  “Барилгын аж ахуйн нэгж байгууллагын хөгжил, менежмент сургалт”, “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын техник технологийн сургалт”, “Инженерийн манлайлал, хувь хүний хөгжлийн сургалт”, “Салбарын инженерүүдэд зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”-уудыг зохион байгуулна. Харин заавал суралцах багц цаг тооцох сургалтад “Барилгын салбарын хууль, эрх зүйн орчин”, “Барилгын салбарын шинээр батлагдсан эрх зүйн болон норм нормативын баримт бичиг”,  “Барилга байгууламжийн төсөв үнэ бүрдлийн норм нормативын баримт бичгийн сургалт”-ууд зарлагдсан.  

- Цар тахлын халдвартай холбоотой хөл хорио тогтоосноор сургалтуудыг цахимаар зохион байгуулж байсан. Цаашид сургалтыг цахим хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулах уу, эсвэл халдвар хамгааллын дэглэмийг сахиж зай барих байдлаар танхимаар зохион байгуулах  уу?

- Сүүлийн өдрүүдэд цар тахалын тархалт ихэсч байгаа тул энэ сарын сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Сургалтууд 15-аас эхлэхээр төлөвлөгдөж зарлагдсан. Элсэлтээ цахимаар аваад эхэлчихсэн байгаа.

- Цар тахлын үед цахимаар сургалт зохион байгуулахын давуу тал хэр байна. Нөгөө талаар сул тал байгаа болов уу? 

- Ийм эрсдэлтэй цаг үед цахимаар суралцах нь нэгдүгээрт иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт сургалтын мэдээллийг хэзээ ч хаанаас ч хэдэн удаа үзэх боломжтой болж байна. Мөн орон нутгаас болон гадаадаас суралцаж  байгаа мэргэжилтнүүдийн хувьд цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлттэй гэсэн олон давуу талтай. Тухайн хичээл нэг сарын хугацаанд хадгалагддаг учраас суралцагчдад илүү үр дүнтэй. Өмнө нь танхимаар сургалтыг 5-10 өдөр зохион байгуулдаг байсан. Энэ үед сургалтад хамрагдаж байгаа инженерүүд ажлын шаардлагаар чөлөө авах, сууж амжихгүй хойшлуулах тохиолдол цөөнгүй гардаг байсан.  Цахим сургалтын сул тал нь суралцагч багштай шууд харилцаж асуулт тавьж хариулт авах боломжгүй юм. Гэхдээ бид сургалтын төгсгөлд багш суралцагчдын онлайн уулзалт хийж  асуулт хариулт, хэлэлцүүлгийг зохион байгуулах байдлаар асуудлыг шийдвэрлэж байна.   Өмнөх онуудтай харьцуулбал сургалтад хамрагдах суралцагчдын тоо нэмэгдэж байна. Цар тахалтай байгаа өнөө үед цахимаар өөрийгөө чадавхижуулж, мэдлэг мэдээлэл олж авах нь бас нэгэн давуу тал шүү дээ.

- Шалгалтууд хэзээнээс эхлэх вэ?

- Мэргэшлийн зэрэг горилох, сунгах сургалтад сууж, багц цагаа хангасан мэргэжилтнүүд материалаа бүрдүүлэн “Барилгачдын нэгдсэн холбоо”-нд бүртгүүлнэ. Шалгалтыг нь Барилгачдын нэгдсэн холбооноос зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн шалгалтын хуваарийн талаар холбооноос тодруулахад  5 болон 11 сард шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч энэ нь цар тахлын байдалтай холбоотойгоор эцэслэн батлагдаагүй байна гэж мэдээлсэн.

- Суралцагчдаас сургалтын талаарх санал гомдол ирж байна уу?

- Харьцангуй санал гомдол ирээд байдаггүй. Салбарын зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй, олон жил ажилласан туршлагатай багш нар хичээл заадаг.  Бид сургалтын талаар болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч багш нарыг дүгнэх санал асуулгыг суралцагчдаас  тогтмол авдаг. Энэ санал асуулгын дүнг нэгтгэн сэтгэл ханамжийн судалгааг гаргаж, сургалт зохион байгуулж байгаа мэргэжилтэн багш нарт танилцуулан сайжруулалт хийж  ажилладаг. Манай зохион байгуулж байгаа цахим сургалтад хамрагдаж байгаа инженерүүдийн сэтгэл ханамж өндөр байдаг. Харин суралцагчид маань хичээл хадгалагдах нэг сарыг уртасгаж зургаа болон түүнээс дээш сарын хугацаанд группдээ хадгалагдах боломж байдаг уу гэсэн санал их тавьдаг. Гэвч сургалтууд тодорхой давтамжтайгаар явуулж байгаа учраас групп үүсгээд удаан хугацаанд байх боломж хязгаарлагдмал байна. Гэхдээ суралцагчдын хүсэл сонирхолд нийцүүлж өөр байдлаар шийдэх боломжийг бий болгох, тал дээр анхаарч ажиллана.

Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624521
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up