Ус, цахилгааны төлбөр тэглэсэн ч угаалгын газруудын ҮНЭ БУУРСАНГҮЙ

2021 оны 3 сарын 16

Arslan.mn

Цар тахлын хямралтай холбоотойгоор төрөөс иргэн, аж ахуйн нэгжийн ус, цахилгааны төлбөрийг тэглээд дөрвөн сар гаруй болж байна. Энэ чөлөөлөлт долдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм.

Засгийн газрын шийдвэрийн гол зорилго бол иргэдийн төлбөрийн дарамтаас хөнгөлөх. Ийм логикоор харвал ус, цахилгааны төлбөрийг тэглэсэн төрийн шийдвэрийн бодит үр дүн, алсын хараа иргэдийн халаасанд хэр мэдрэгдэж байгаагаар хэмжигдэнэ. Үүний наад захын жишээ бол ус, цахилгааны төлбөрөө тэглүүлсэн автомашин угаалгын газруудын зардал буурч байгаа учраас ашгаа ч гэсэн бодолцох учиртай. Өөрөөр хэлбэл, автомашин угаалгын төлбөр бодитоор буурах ёстой юм. Энэ талаар сурвалжиллаа.

Их засаг их сургуулийн ойр тойронд “машин угаалга” гэсэн үргэлжилсэн хаягнууд өрөөстэй. Хаяг тутамд “Автомашин угаагч ажилд авна” гэсэн зар дүүрэн. Тэр дундаас томоохонд тооцогдох “Car wash“ гэсэн автомашин угаалгын газрыг зорьж очвол тасралтгүй ус шүршиж, шалаар нь битүү ус урсана. Улаан эрээн ажлын хувцастай гурван хүүхэд машин угааж харагдана. Тэнд 10 гаруй машинууд өрөөстэй бөгөөд угаалгын ажилчид хүрэлцэхгүй байгаа талаар үйлчлүүлэгчдэд учирлаж байв.

Үйлчлүүлэгчдийн зарим нь бухимдаж “Ажил хэцүүдлээ” хэмээн шавдуулж загнана. Зөвхөн машины хөөс арилгахад 3-5 минут тасралтгүй шүршиж байв. Энэ хооронд хэдэн литр ус шал руу асгарч байгааг таамаглашгүй. Хэд хэдэн угаалгын газар орвол хөлийн чимээ  сонсогдохгүй даралттай усны чанга чимээ бүхий дээрх нийтлэг дүр зураг л угтах аж.

Бид угаалгын газрын ажилчдаас зарим зүйлийг тодруулахад “Өдөрт хэдэн литр ус хэрэглэх талаар тогтсон тариф  байхгүй. Дундажаар 50-60 литр усаар нэг машиныг угаадаг. Мөн ус их хэмжээгээр цацрах тохиолдолд их ус урсах тохиолдол бий. Нэг машиныг 20-25 мянган төгрөгөөр угааж байна. Хөл хориотой холбоотойгоор ойрын өдрүүдэд ачаалал бага байна. Гэхдээ ачаалалгүй үедээ 8-10 хүн үйлчлүүлдэг. Дулаан ороод шавар шавхай ихсэх үед ачаалал ихсэж 25-аас дээш  үйлчлүүлнэ. Үнийн хувьд өмнөх жилүүдээс өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн жил ч 20-25 мянгаар машин угааж байсан” гэлээ. Харин Засгийн газраас долдугаар сарын 1-н хүртэл ус, цахилгааны мөнгийг тэглэсэн байхад яагаад үнээ бууруулахгүй талаар асуухад “Манайх түрээсийн байгууллага учраас үнээ бууруулах ямар ч боломжгүй. Хүнээс түрээсэлж байгаа болохоор тухайн түрээслэгч нь үнээ бууруулаагүй тохиолдолд үнэ буурахгүй. Хэрэв түрээслэгчид нь үнээ бууруулвал бид дагаад өөрчилж болно.

Түүнээс өөрсдийн байр бол өөр хэрэг шүү дээ. Мөн машины нэг лааз өнгөлөгч нь 15 мянгатай байдаг. Энэ үнэ зөвхөн бөөний үнэ. Машин угаадаг алчуур л гэхэд өндөр үнэтэй. Үйлчлүүлэгч бүр шинэ, цэвэрхэн алчуураар л машинаа угаалгахыг хүсдэг учраас нэг алчуурыг нэг л машинд хэрэглэдэг. Тухайн алчуур халтар болсон л бол шууд хаядаг. Машинаа угаалгаж байгаа хүмүүсийн ихэнх нь ямбатай байдаг учраас аясанд нь тааруулаад бүх зүйлээ чанартай байлгахгүй бол үйлчлүүлэгчгүй болно. Урсгал зардал дэндүү их байдаг. Бид хоёр сар карантинд байсан болохоор орлого муудсан. Түрээсэлж байгаа болон түрээслүүлж байгаа хүмүүс ихэнх нь банкинд зээлтэй. Манайд өргүй хүн гэж бараг байхгүй. Энд машин угаагаад ажиллаж байгаа хүүхдүүд машины зээлээс эхлээд ямар нэгэн зээлтэй байдаг. Өдрийн хоол унд гээд орлого гэхээс илүү зарлага их гардаг. Мөн угаалгыг зөвхөн ус цацаад л болчихдог гэсэн ойлголт буруу. Иймд бид үнээ бууруулах боломжгүй юм” гэсэн хариултыг өглөө.

Мөн өөр нэг машин угаалгын газар очвол “Хэр их ус ашиглах нь машин угааж байгаа хүнийхээ ур чадвараас шалтгаална. Дунджаар  50-80 литр ус зарцуулдаг. Чадвартай машин угаагч бол усаа хэмнээд бага усаар угаадаг. Бидний ашиглаж байгаа бол айлын карантнаас гоожуулж байгаа ус биш шүү дээ. Багахан хэмжээний усыг өндөр даралттай болгоод угааж байгаа нь их ус урсаад байгаа юм шиг санагддаг байх. Тиймээс нэг литр усыг ч их юм шиг харагдуулдаг. Өдөрт дунджаар 10-12 хүн үйлчүүлдэг. Засгийн газраас ус, цахилгааны төлбөр тэглэлээ гээд үнээ өөрчлөөгүй. Харин ч нэмээгүй. Төрөөс  ус цахилгааны үнийг тэглэсэн ч бидэнд ямар ч ялгаагүй. Бид  угаас усаа хэмнэдэг байсан. Бүх машин угаалгын газрууд тоолууртай учраас усыг замбаараагүй хэрэглэдэггүй. Мөн ус, цахилгааны хэрэглээг 100 хувь тэглэсэнд эсрэг байр суурьтай байгаа.

Үнэгүй гэхээр замбараагүй хэрэглээ үүсч байна. Ам.доллар 2800 болчихоод байхад манайх машинаа 25 мянгаараа л угааж байна. Бид үнээ бууруулж ажиллабал ямар ч ашиггүй” гэлээ.

Харин машинаа угаалгаж байгаа зарим хүмүүстэй цөөн хором ярилцахад “Угаалгын машинуудын хамгийн гол зардал бол ус, цахилгаан байдаг. Гэтэл энэ төлбөрөө тэглүүлчихээд байгаа хэрнээ үнээ ганц, хоёр мянган төгрөгөөр ч болтугай бууруулахгүй байгаад гайхаж байна. Зарим газар бүр үнээ нэмээд 28 мянган төгрөгөөр угааж байна. Төр, засаг гаргасан шийдвэр нь иргэдийн амьдралд ямар үр өгөөж өгч байгаад хяналт тавих хэрэгтэй” хэмээн бухимдаж буйгаа илэрхийллээ.

Эндээс харвал угаалгын газрууд нэг машиныг 80 литр усаар, өдөрт 25 машин угаадаг гэж тооцвол 2000 гаруй литр ус хэрэглэнэ. Харин үнээ бууруулахын тухайд хөл хорионы өдрүүдэд алдсан ашгаа нөхөх байдлаар хандаж буй тайлбар хэлж байсан юм.

Г.Хулан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624496
0 эможи

keyboard_arrow_up