НҮБ-ын XIV Конгресст Монгол улсын прокурорын байгууллагын төлөөлөл оролцож байна
НҮБ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхдугаар Конгресс хуралдсанаас хойш 5 жил тутам зохион байгуулагдаж ирсэн хуралдаанаар олон улсын болон үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шинэчлэлийн иж бүрэн бодлого, стратегийг тодорхойлох шийдвэрүүдийг гаргаж байсан.
1955 оноос хойш хуралдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх Конгрессийн хурлууд нь улс орнуудын Засгийн газрын өндөр түвшний төлөөлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааны асуудлыг олон улсын түвшинд судалдаг төрийн болон төрийн бус байгууллагын судлаач, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс цугларан энэ салбарт тулгарч буй асуудлууд, туршлагаасаа хуваалцан тогтвортой хөгжлийг дэмжих зорилт, зорилготой юм.
Энэ удаагийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх НҮБ-ын XIV Конгрессийн дээд түвшний уулзалт 2021 оны 3 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд Япон Улсын Киото хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэг, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв нар цахим хэлбэрээр оролцож байна.
НҮБ-ын XIV Конгрессийн хурлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ирэх таван жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2030 он хүртэлх бодлогын баримт бичиг болон Киотогийн тунхаглалыг хэлэлцэн батлах юм.
Эх сурвалж: УЕПГ
|