ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙЧҮҮД-II

2021 оны 3 сарын 08

Arslan.mn

Төрдөө тангараг өргөж, төрийн нэрийн өмнөөс буруу зөвийг дэнсэлдэг прокурор хэмээх хүндхэн албыг нэр төртэй хашихын зэрэгцээ өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхлоо хөгжүүлэн яваа эмэгтэй прокурорууд олон бий. Өнөөдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан тэдгээр бүсгүйчүүдээс онцлон заримыг нь танилцуулъя.

Прокурорын байгууллагаас төрсөн хууль зүйн ухааны доктор

Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмааг прокурор хүнд л байж болох тууштай, зоримог, зарчимч хүн гэж салбарынхан нь тодорхойлдог. Хяналтын прокуророор ажиллаж байхдаа Герман хэл шамдан суралцаж, 2010 онд ХБНГУ-д “Мөнгө угаах гэмт хэрэг” сэдвээр магистр, 2014 онд мөн тус улсад “Хууль бус тохиролцоо авлигын гэмт хэргийн үндэс болох нь” сэдвээр Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.  Докторын судалгааны ажлын бүтээл нь Германы Үндэсний номын сангийн өмчөөр бүртгэгдэж, amazon.com booklooker зэрэг гадны сайтуудаар зарагдаж, Германы 18 их сургуульд ашиглагдаж байна. Б.Өнөрмаа нь прокурорын байгууллагаас ХБНГУ-д эрдмийн зэрэг хамгаалсан анхны эмэгтэй судлаач прокурор юм.

Урьд өмнө огт хийгдэж байгаагүй хэдэн хэдэн судалгааны ажил ч доктор Б.Өнөрмаатай салшгүй холбоотой. “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлолтын тохиолдол” (2018), “Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлт” (2018), “25 хүртэл насны 1000 залуусын дундах бэлгийн зан үйл чиг хандлага” (2019) суурь судалгааг санаачлан, удирдан явуулсан. 2017 оны тэргүүний прокурор, 2018 оны шилдэг хуульч эрдэмтнээр шалгарсан. Мөн тэрээр судалгааны ажлаас гадна хуульчдад мэдлэг мэдээлэл өгөх, сургалтын үйл ажиллагаа явуулах хариуцлагатай ажлыг сургалтын албаны прокуроруудтай хамтран хийж байна.

Эрхээ хязгаарлуулсан иргэдийн эрхийг хамгаалагчид

Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хяналт тавьж, шүүхэд төрийг төлөөлөх, Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих гээд прокурорын хяналтын ажлын чиглэл бүрт эмэгтэй прокурорууд нэр хүндтэй албаа өндөрт өргөн ажилласаар байна. Эмэгтэй прокурорууд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа ч Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллана гэдэг тухайн хүнээс багагүй ур чадвар шаардана.

Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Амарзаяа прокурорын байгууллагад 18 жил ажиллаж байгаагаас 13 жилд нь Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлыг хийжээ.

Прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал юм. Хуулийн дагуу ял шийтгэл амсаж, хорих ангид ял эдэлж байгаа хүнд ч эдлэх ёстой эрх гэж бий. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурор нь тухайн хорих ангид очиж нөхцөл байдалтай танилцан, хоригдлуудтай биечлэн уулзаж, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажилладаг онцлогтой, эмэгтэй хүн хийхэд амаргүй ажил.  Прокурорын байгууллагад ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 10 хүрэхгүй эмэгтэй прокурор ажиллаж байна.

Соёлын үрийг таригч Тариа прокурор  

Хүн аливаа салбарт суралцаж, мэргэшиж болдог ч зүрх сэтгэлээс урган гардаг шүлэг, яруу найргийг бичихэд төрмөл авьяас билэг чухал. Ахмад прокурор, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхтариа амьдралынхаа 50 жилийн хөдөлмөр зүтгэлээ улсдаа зориулсны 35 жилд нь прокурорын байгууллагад ажиллажээ. Тэр дундаа 10 орчим жилийг “Цагаатгал” хариуцсан прокуророор ажиллаж, арваад мянган хүний хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр хуулийн хүн болж цаг наргүй хариуцлагатай ажлыг сонгосон ч шүлэг зохиол бичих хүсэл сонирхлоо орхиогүй байна. Өнгөрсөн он жилүүдэд сэтгэл зүрхнээс нь урган гарсан шүлэг яруу найргууд нь “Галын бурхан” , “Засагт хааны гоо марал”, “Хөх нуурын шувууд”, “Дээж бичиг” зэрэг ном болсон бол “Баянхонгорын бахархалт дайчид” дурсамж, “Буруу сэрсэн зүүд” зэрэг жүжиг, кино зохиолын номуудыг гаргажээ. Харин “Монголын язгуур эрүүгийн эрх зүйн их нүүдэл” мэргэжлийн ном нь олон хуульчдын ширээний ном болсон байдаг.

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт Р.Мөнхтариа прокурор шүлэг яруу найраг, утга уянгын зохиол бүтээлээрээ өөрийн гэсэн өнгө төрхөө илэрхийлж,  олон сайхан дууны шүлэг бичсэн нь олны сонорыг мялаажээ.  “Хүрээ зантай хархүү”, “Ерөөлийн даллагатай аялгуу” зэрэг түүний шүлгээр бүтсэн дуунууд нийтийн дунд дуулагдаж байна.

...Цагийг эзэлсэн цадиг түүхтэй

Цааз хуулиа чанд сахиулсан

Төрийн хуулийн сүрийг бадрааж

Төрдөө өргөсөн үнэнч тангарагтай... гээд “Төрийн прокурор” дуу нь Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойгоор төрөн гарсан бөгөөд прокурорын байгууллагын нэрийн хуудас болсон дуу болсон.

Р.Мөнхтариа прокурор хэдийгээр гавьяаны амралтаа эдлэн суугаа ч зохиол бүтээлээ туурвисаар байна. Хамгийн сүүлд Эрдэнэт үйлдвэрийн тухай өгүүлэх  “Эрдэнэсийн өв” түүхэн уран сайхны киноны зохиолыг бичжээХуульч прокурор хэмээх нэр хүндтэй албыг хашихад амьдралаа зориулсан ч шүлэг, яруу найргийн уран бүтээл мөн л амьдралынх нь нэг хэсэг болж соёлын үрийг тарьсаар явна.

Улсын 15 удаагийн аварга таеквондочин бүсгүй

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзул эр зориг, тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулсан таеквандогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа дайчин бүсгүй. Эрдэнэт хотын унаган охиныг хоёрдугаар ангийн жаахан хүүхэд байхад ээж нь “Цахлай” нэртэй таеквондогийн клубд явуулж эхэлснээс хойш таеквондогоор тасралтгүй хичээллэж, энэ спортын амтанд дурлан олон амжилтын эзэн болжээ. Улсын 15 удаагийн аварга, нийт 32 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, Монголын Таеквондогийн холбооны шилдэг тамирчнаар 6 удаа шалгарсан нь түүний дайчин, тууштай сэтгэлийн хаттай салшгүй холбоотой. Таеквондогийн спортоос тууштай, зоригтой байх олон сайн зан чанарыг авч, ажил амьдралдаа мөрдлөг болгожээ.

2001 онд Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон, дэлхийн Таеквондогийн холбооны хар бүс 1 дантай, Олон Улсын хэмжээний мастер цолтой тамирчин прокурор юм.

Цэцгийн соёлыг дэлгэрүүлсэн Соёлоо прокурор

Прокурорын байгууллагад цэцэгчин бүсгүйчүүд цөөнгүй бий. Баянхонгор аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Д.Эрдэнэсоёлын өрөөнд өнгө өнгийн цэцэгс алаглана. Өдрийн ихэнх цаг хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг учраас тасалгааны цэцгээр өрөөгөө чимжээ. Прокурорууд ажил ихтэй. Орой болтол суух, амралтгүй ажиллах нь ч энүүхэнд. Хэдийгээр цэцэгний мэргэжилтэн биш ч гэсэн ямар төрлийн цэцгийг хэрхэн арчилж, ургуулж болохыг өөрийнхөө туршлагаасаа мэддэг болж, аймаг орон нутагт ч ховорт тооцогдох цэцгүүд, сарнайн олон төрлүүд, мөн тасалгааны олон чамин цэцэгтэй болжээ. Цэцэгчин прокуророос маань үлгэр дуурайлал авч бусад прокурор, ажилтнууд, найз нөхөд нь ч цэцэг сонирхох болжээ. Амралтаа авсан ч, томилолтоор явсан ч ажлын өрөөндөө үлдсэн хэдэн цэцэгтээ санаа нь зовж, усалгаа, арчилгааг нь тасалдуулахгүйг хичээдэг гэнэ. Цэцэг бол тайтгарал, бас аз жаргал бэлэглэдэг учраас хэн нэгэнд тасалгааны цэцэгнээсээ ч бэлэглэх дуртай. Өрөөнд нь анх удаа орж ирсэн хүмүүс өрөөг нь “цэцгийн хүлэмж юмуу” гэнэ. Их ажлын ард сэтгэлийг нь тайвшруулж, ажиллах эрч хүч, урам зориг өгдөг учраас өдөр бүр эртлэн ирж цэцгээ услаж, арчилдаг ажээ. Тэр хэрээр эргэн тойрных нь ч хүмүүс орчиндоо анхаарах болж, олон төрлийн цэцэг ургамал тарих болжээ. Прокурорын байгууллагын 90 жилийн ойн хүрээнд Баянхонгор  аймгийн прокурорын газраас байгууллагадаа бүтээлч аян өрнүүлэхэд Д.Эрдэнэсоёл прокурор, туслах ажилтны  хамт цэцэг тарьж бэлэг барьжээ. Хүүхэд байхдаа цэцгийн гоё сайхныг мэддэггүй байсан ч прокурор болж илүү хариуцлагатай ажил хийхийн хэрээр цэцэгний соёл, үнэ цэнийг нь илүү их мэдрэх болсон байна. Цэцэг тарьж, ургуулах нь маш их хариуцлага, сэтгэл шаарддаг учраас ажил, амьдралд ч  эерэг нөлөө үзүүлдэг гэсэн юм.

Хатуу хорвоог зөөллөсөн хатан түшээ прокурорууд

Өвөрхангай аймгийн Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Ганцэцэг прокурорын байгууллагад ажиллаж байгаа нийт эмэгтэй прокуроруудынхаа ажил, амьдралын онцлогийг харуулсан “Хатуу хорвоог зөөллөсөн хатан түшээ прокурорууд” шүлгээрээ Прокурорын байгууллагын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Урлагийн их наадмын шүлэг, яруу найраг, уран уншлагын төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Д.Ганцэцэг нь 2010 онд “Миний Мөнхийн шүтээн” шүлгийн ном гаргаж байжээ. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Урлагийн их наадмын тэргүүн байрын шүлгийг хүргэе.

 “Прокурорын байгууллагын түүхэн товчоон” (2020) номд багтсан прокурорын байгууллагаас төрсөн эмэгтэй эрдэмтдийг танилцуулж байна.

Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн, доктор цолтон:

Ц.Бүжинлхам - (1985 он) 1963-1975 онд Улсын прокурорын газарт шүүхийн хяналтын хэлтсийн прокурор, хэлтсийн дарга, 1975-1983 онд Улсын прокурорын газрын дэргэдэх Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах хүрээлэнд секторын эрхлэгч, орлогч захирал;

Х.Сэлэнгэ - (2003 он) 1981-1986 онд Дорноговь аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, мөрдөн байцаах ажилд хяналт тавих туслах прокурор;

П.Оюунчимэг - (2009 он) -1993-1998 онд Баянзүрх дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 1998-2001 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2001 онд Баянзүрх, Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор;

Г.Ууганболор – (2012 он) 2012 оноос Улсын Ерөнхий прокурорын газарт ахлах референт, хяналтын прокурор, Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор;

Б.Өнөрмаа – (2014 он) 1998-1999 онд БЗД-ийн Прокурорын газарт мэргэжилтэн операторч, 1999-2002 онд СБД-ийн Прокурорын газарт хяналтын прокурор, 2002-2007 онд Нийслэлийн Прокурорын газарт хяналтын прокурор, 2010-2011 онд СБД-ийн Прокурорын газарт хяналтын прокурор, 2014 оноос Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн ахлах, хяналтын прокурор;

Б.Дэлгэрмаа – (2014 он) 2014-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2017 оноос Тээврийн прокурорын газарт хяналтын прокурор.

Прокурорын байгууллагын спортын алдартнууд” (2020) номд багтсан эмэгтэй прокурор, ажилтнуудаа алдаршуулж байна.

УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Д.Сарантуяа –Ширээний теннисний спортын дэд мастер;

УЕПГ-ын Зөрчлийн хэрэгт хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Энэрэл- Сагсан бөмбөгийн спортын мастер;

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Номин-Эрдэнэ -Сагсан бөмбөгийн спортын мастер;

Ахмад прокурор Ц.Туул-Сагсан бөмбөгийн спортын дэд мастер;

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мэндсайхан- Сагсан бөмбөгийн спортын мастер;

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалаг Сагсан бөмбөгийн спортын мастер;

Ахмад прокурор С.Наст- гар бөмбөгийн спортын мастер;

УЕПГ-ын захиргаа үйлчилгээний ажилтан Т.Гэрэлзул- Гар бөмбөгийн спортын мастер;

Сүхбаатар аймгийн прокурорын газрын бичиг хүргэгч П.Төгсжаргал гар бөмбөгийн спортын мастер;

Нийслэлийн прокурорын газрын туслах ажилтан Б.Дэлгэрмаа -Гар бөмбөгийн спортын дэд мастер;

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Э.Анударь -Гар бөмбөгийн спортын 1-р зэрэг, спортын дэд мастер;

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюун- Гар бөмбөгийн спортын дэд мастер;

Багануур дүүргийн прокурорын газарт бичээч Л.Ганчимэг - Аймгийн даян мэргэн, буудлагын болон сурын спортын мастер;

Туслах ажилтан Г.Наранцацралт -Таеквондогийн спортын мастер

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙЧҮҮД-I нийтлэлийг ЭНДЭЭС уншина уу.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624325
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up