Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд мансууруулах бодис судсаар нь хийж, хувцасыг нь тайлан эрүүдэн шүүсэн асуудал гарсан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцах үеэрээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн эрүүдэн шүүгдсэн бичлэгтэй холбоотой мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эмэгтэйчүүд эрүүдэн шүүгдэдгүй байх ёстой. Бичлэг гарсан байхад яагаад энэ асуудал шийдэгдэхгүй байгаа талаар өчигдөр яригдсан. Шүүх гэм бурууг тогтоодог учраас өмнөөс нь хэн нэгэн гэм буруутай гэх дүгнэлт хийх боломжгүйг та бүхэн мэднэ. Гэхдээ Засгийн газрын тэргүүний хувьд өчигдөр Жендерийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амалсан. Эрүүдэн шүүлттэй холбоотой зарим нэг субъектүүд, жишээлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын ерөнхий газар бол Засгийн газрын харьяа байгууллага. Шүүн таслах үйл ажиллагаа хийгдэх, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явж байх үед аймшигтай олон зүйл ил болсон.
Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаад, хувцасыг нь тайлж бичлэг хийгээд нөхөр рүү нь явуулсан хүртэл асуудал гарсан. Энэ бүх асуудлыг олон нийтэд ил болгож тухайн үед ярьж чадаагүй. Гуравдугаар сарын 8-нд Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаатай хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгаар хийгдэнэ. Мөн Төв аймгийн ашигладаггүй тусгай хорих анги тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр бас очно. Хорих ангийн доод давхарт буюу эрүү шүүлт хийсэн газарт нь очих бөгөөд тус хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана" гэлээ.