Төсвийн хоёр тэрбум төгрөгөөр төмс, ногооны үр нөөцөлж, иргэдэд олгоно
ХХААХҮЯ-наас мэдээлснээр энэ онд
- 389 мянган га-д үр тариа,
- 17 мянган га-д төмс,
- 9 мянган га-д хүнсний ногоо,
- 66 мянган га-д малын тэжээл,
- 40 мянган га-д тосны ургамал,
- 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 530.3 мянган га-д тариалалт хийнэ.
2020 онд хураан авсан дүн |
2021 онд хураан авахаар төлөвлөсөн |
432 мянган тонн үр тариа |
495 мянган тонн үр тариа |
411 мянган тонн улаанбуудай |
471 мянган тонн улаанбуудай |
240 мянган тонн төмс |
222 мянган тонн төмс |
115 мянган тонн хүнсний ногоо |
116 мянган тонн хүнсний ногоо |
171 мянган тонн малын тэжээл |
170 мянган тонн малын тэжээл |
21 мянган тонн тосны ургамал |
26 мянган тонн тосны ургамал |
3 мянган тонн жимс, жимсгэнэ |
3 мянган тонн жимс, жимсгэнэ |
320 мянган га-д уринш боловсруулж, бэлтгэх зорилт тавьж, хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа оржээ. ХХААХҮЯ “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлж, иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 147 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх юм.
Энэ дэмжлэгт хот, хөдөөгийн 10 мянган өрхийг хамруулахаар төлөвлөсөн байна.
10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХАА-ШЩГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ХХААХҮЯ шийдвэрлүүлжээ.
Мөн Польшийн Засгийн газрын 10 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлсэн байна. Энэ төслөөр 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, ногооны үрлэгч, хураагч комбайн, копатель, хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийтдээ 600 гаруй төрлийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм байна. Мөн ОХУ-аас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник нийлүүлэх, Беларусиас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж авахаар ажиллаж байгаа аж. Салбарын яамнаас стандартын шаардлагад нийцэх агуулахын тоог нэмэх, техник сайжруулахад чиглэн ажиллаж эхэлжээ.
Малын тэжээл тариалалтыг хэрхэн дэмжих талаарх салбарын сайд “1.0 сая га-д тариалалт эрхлэх боломжтойгоос 880 мянган га-г эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Одоогийн байдлаар 62 мянган га-д тэжээлийн таримал тарьж байна. Цаашид 100 орчим мянган га-гаар нэмнэ. Төв, хангай болон баруун, зүүн бүсэд тэжээлийн 4 үйлдвэр байгуулахаар хэлэлцээний түвшинд явж байна. Бид хүнсээ дотоодоос бүрэн хангах, импорт орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарч ажилладаг. Ажлын байр нэмэх, тариалалтыг дэмжихэд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдэж байгаа” гэлээ.