“САЙН ТУРШЛАГА” залуу багш нарын үндэсний уралдаанд оролцохоор 300 гаруй залуу багш бүртгүүлжээ
Монгол орны өнцөг булан бүрт соёлын үр тарьж, үе үеийн шавь нараа эрдмийн далайд хөтлөн яваа мянга мянган багш нарынхаа амар мэндийг айлтган мэндчилье.
Дэлхийн улс орнуудын хурдацтай хөгжиж буйн нууц юу вэ? Тэд өөрсдийн боловсролын системийг хэрхэн хөрсөн дээр амжилттай буулгаж чадаж байна вэ? Монголчууд бид энэхүү хувьсан өөрчлөгдөж буй салхинд чадварлаг боловсон хүчнийг үйлдвэрлэж ирээдүйгээ бүтээхэд бэлэн байна уу?
Чанартай боловсрол хаанаас эхлэлтэйг мэдэхийн тулд багш гэдэг мэргэжлийг дараагийн шатанд ахиулах зайлшгүй хэрэгцээ гарч байна.
Тийм учраас 2014 оноос эхлэн монгол улсын боловсролын салбарт цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Цөм хөтөлбөрийн хүрээнд багш нар нийт ажлын цагийн 85 хувийг заах арга зүй болон бусад шаардлагатай мэргэжлийн ур чадварыг сайжруулахад зарцуулах ёстой боловч өнөөгийн судалгаагаар ердөө 37 хувийг л зарцуулж байгаа судалгааны үр дүн тогтоогдсон.
МЗХ-ы дэргэдэх залуу багш нарын клуб нь 2021 оны 02-р сарын 08-ны өдөр тэргүүлэгчдийн анхдугаар хурлаа хийж үүсгэн тэргүүн, дэд тэргүүнээ сонгон бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн гаргаж, мөн онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг МЗХ-ы ерөнхийлөгч О.Гэрэлт-Од-оор батлуулж тодорхой ажлуудад ороод байна. Клубийн тэргүүнээр Нийслэлийн Ерөнхий Боловсролын 35 дугаар сургуулийн багш, боловсролын удирдлагын магистр, заах аргач М.Бямбадаш, дэд тэргүүнээр Нийслэлийн Ерөнхий Боловсролын 16 дугаар сургуулийн багш Н.Насаннэмэх, Смарт сургалтын төвийн захирал Б.Батбаасан нар сонгогдсон байна.
Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн арга зүй технологийг бий болгох, хүүхэд бүрийн идэвх оролцоог сайжруулах, хөгжүүлэх, төлөвшүүлэх болон судлагдахуун бүрээр эзэмшсэн мэдлэг чадвараа ахиулахад эцэг эх, сурагчидтайгаа хамтран ажиллах, өөрийн тэргүүн туршлагаа солилцон түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хүүхдийн гэгээн ертөнцийг эрдэм ухаан, авьяас билгээр тэтгэн хөгжүүлж, сургалтыг шинэлэг арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд бүрт “Би чадна” гэсэн итгэлтэйгээр төлөвшүүлэх үйлсдээ манлайлан ажиллахыг хүсье.
Бидний хамгийн анхны ажил “САЙН ТУРШЛАГА” залуу багш нарын уралдаан үндэсний хэмжээнд болж зарлагдаад одоогийн байдлаар 300 гаруй залуу багш бүртгүүлж, Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас нийт 200 шахам видео-файл материал ирээд байна. Эдгээр ажлуудынхаа хүрээнд боловсролын газар боловсрол, шинжлэх ухааны яаманд хамтран ажиллах албан бичиг илгээсэн. Нийслэлийн Боловсролын Газар хамтран ажиллах талаар хариу мэдэгдэл өгч уулзаж тэднээсээ зөвлөмж чиглэл авсан. Энэхүү уралдаан 2021.02.15-03.15-ны хооронд бүтэн 1 сарын хугацаанд зарлагдаж явагдаж байна. 02.15-02.28 хүртэл bagsh0208@gmail.com материалуупыг хүлээн авч дууслаа. 2021.03.15-н хүртэл олон нийт шүүх ба, 2021.03.15-03.22-ны хооронд нийт 7 хоногийн хугацаанд манайхаас гарах баг, НБГ-аас гарах мэргэжилтэнүүд шүүж ялагчдыг тодруулах болно. Ялагчдад тодорхой шагнал урамшуулал өгөх ба МЗХ-ы “Залуучуудын үнэн” сонин, “Залуу үе” сэтгүүлд ялагч болсон багш нарын арга зүйг түгээн дэлгэрүүлнэ.