Д.ЦЭВЭЛМАА: Шинэ норм дүрмээр олон улсын жишигт хүрэх эмнэлгийн барилгын зураг төслийг боловсруулах боломжтой болно

2021 оны 3 сарын 03

Arslan.mn

Эмнэлгийн барилгын зураг төсөл боловсруулах норм дүрэм БХБ-ын Сайдын 2021 оны 1 сарын 14-ний 03 тоот тушаалаар батлагдлаа. Норм дүрмийг Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны Д.Цэвэлмаа ахлагчтай баг боловсруулсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд Ш.Оюундарь, Д.Мягмар, Б.Түмэннаст, Ч.Цэцэг, Б.Болормаа, Л.Өнөрбилэг, Ж.Наранцэцэг зэрэг Монгол Улсын Зөвлөх архитектор, инженерүүд орж ажилласан байна. Шинээр батлагдсан нормын талаар Зөвлөх инженер норм боловсруулах багийн ахлагч Д.Цэвэлмаатай ярилцлаа.

Шинээр батлагдсан нормоос өмнө эмнэлгийн барилга, байгууламжийн ямар норм мөрдөж байсан бэ?

Эмнэлгийн барилгын зураг төсөл боловсруулахад 2012 оноос өмнө ОХУ-ын Лечебнопрофилактические учреждения гэдэг нормыг мөрдөж байсан. 2012 онд эмнэлгийн барилгын зураг төсөл боловсруулах манай анхны үндэсний норматив баримт бичиг болох “Эмнэлгийн барилга” Барилгын дүрэм 31-115- 12 батлагдсан. Энэхүү барилгын дүрэм нь зөвхөн хэвтэн эмчлүүлэх тасгууд, төрөх, эмэгтэйчүүдийн тасаг, өдрийн эмчилгээний тасгуудад тавигдах архитектур төлөвлөлтийн шаардлагыг багтаасан зөвлөмжийн дүрэм юм. Мөн Стандартчилал, хэмжил зүйн газраас баталж гаргасан Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа, Амаржих газрын бүтэц, үйл ажиллагаа, Клиникийн бүтэц, үйл ажиллагаа, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага зэрэг эмнэлгийн барилга байгууламжтай холбоотой 10 гаруй стандартуудад заасан эмнэлгийн барилгын өрөө тасалгаанд тавигдах шаардлага болон “Олон нийтийн барилга” норм ба дүрмийг баримталж байсан. Эдгээр дүрэм, стандартууд нь орчин үеийн эмчилгээ үйлчилгээний стандарт хангасан барилгын зураг төсөл боловсруулахад хангалттай норматив үндэслэл болж чаддаггүй байсан.

Шинээр батлагдсан норм, хуучин нормоос цар хүрээний хувьд нэлээд өргөн болсон уу. Юугаараа давуу талтай вэ?

-Шинээр боловсруулсан норм дүрэмд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоог бүрдүүлж буй бүх төрлийн эмнэлгийн барилгын зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлагыг тусгасан. Тодруулж хэлбэл Нэгдсэн эмнэлэг, клиник, амаржих газар, асаргаа, сувилгааны төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, нийгмийн эрүүл мэндийн төв, сувилал, түргэн тусламжийн төв, сэргээн засах төв, хөнгөвчлөх эмнэлэг, тусгай эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, сувилахуйн төв, багийн эмчийн салбар зэрэг байгууллагууд багтаж байгаа юм.

Өмнөх норм дүрэм, стандартад тусгагдаагүй буюу тодорхой бус байсан Яаралтай тусламж, Хүлээн авах тасагт тавигдах шаардлагыг Амаржих газрын болоод Халдвартын эмнэлгийн хүлээн авах тасагт тус тусад нь зааж өгсөн. Мөн цөмийн оношлогоо, эмчилгээ, туяа эмчилгээ, химийн эмчилгээ, эфферент эмчилгээ, гемодиализын, мэс заслын, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний, сэтгэц мэдрэлийн зэрэг бүх төрлийн тасагт тавигдах шаардлагыг нарийвчлан дэлгэрэнгүйгээр зааж өгснөөрөө онцлогтой. Эрүүл мэндийн байгууллагын багтаамж хүртээмж муу байдаг.

Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж шинэ батлагдсан нормын дагуу зураг төсөл нь гараад мөрдөөд явбал үйл ажиллагаа, иргэдэд үйлчлэх тав тухын хувьд нэлээд нааштай болох нь?

 -Эрүүл мэндийн барилга байгууламжаас гадна рентген оношлогоо, лаборатори, дурангийн оношлогоо, сонографи, допплер, СТ, соронзон үелзүүрт томографи зэрэг орчин үеийн оношлогооны болон орчин үеийн телемедициний буюу алсын зайн оношлогоо, эмчилгээний өрөө тасалгаа, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагуудыг нарийвчлан тусгасан учраас тэгэж хэлж болно. Биеийн тамир эмчилгээ, физик эмчилгээ, рашаан, шавар эмчилгээ, уулын агаар болон давсан эмчилгээ, бариа засал, усан эмчилгээ зэрэг уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээний өрөө тасалгаа байгууламжид тавих шаардлагыг ч тодорхой тусгаж өгсөн. Үүнээс гадна эмнэлгийн барилга нь ихэвчлэн олон зориулалттай байдаг ба хэвтэн эмчлүүлэх болон өдрийн эмчилгээний өвчтөнүүдэд (хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, поликлиник, амбулатори) зориулсан хэсгээс гадна тэдгээрийн үйл ажиллагааг хангах туслах хэсгүүдээс (ариутгал халдваргүйжүүлэлт, эмгэг анатомийн тасаг, угаалга, гал тогоо, захиргаа аж ахуй, цус цусан бүтээгдэхүүн сэлбэх болон арьсны төв, эмнэлгийн архив, лаборатори гэх мэт) бүрдэх тул эдгээрт тавигдах шаардлагыг тус тусад нь бүлэг болгон тусгалаа. Энэ норм дүрмийн онцлог нь эмнэлгийн барилгын инженерийн хангамжийн системүүд, эмнэлгийн хийн хангамж (хүчилтөрөгч, азотын исэл, нүүрсхүчлийн хий, шахсан агаар, вакуум, аргон, гелий), халаалт, агаар сэлгэлт, хүйтэн хангамж, цахилгаан тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, ажиллах зарчим, сонголтыг хэрэгцээний үндсэн дээр боловсруулах нарийн заалтууд болон тооцооны томьёог тусгасан. Мөн эмнэлэгт хэвтэж буй хүнд өвчтөнүүд элдэв аюул тохиолдох болзошгүй үед /галын аюулын үед хүний тусламжгүйгээр зугтаж чадахгүй байдал/-ыг харгалзан үзэж, галын аюулгүй байдлын болон галын бүслэвч, галын аюулгүй бүс, гал унтраах систем, галын дохиолол, зарлан мэдээлэх систем, галын аюулын үед аврах зам гарцад өндөр шаардлага тавигдсан байгаа.

 -Эмнэлгийн барилгын зураг төслийг боловсруулахад эрүүл мэндийн салбарын орчин үеийн дэвшилтэт технологиудын шаардлагыг ч нарийвчлан тусгаж өгчээ?

 Тийм ээ. Эмнэлгийн барилгын зураг төсөл боловсруулахад Захиалагчийн гаргаж өгөх эмнэлэг - технологийн даалгаварын чухлыг онцолсон. Захиалагч эмнэлэг технологийн даалгаварыг боловсруулахдаа Эрүүл мэндийн тухай хуулинд заасны дагуу эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаар батлуулсан хэрэгцээний тодорхойлолтыг үндэслэх ба олон төрлийн нарийвчилсан шаардлагыг тусгах талаар зааж өгсөн нь зураг төслийн чанарын асуудалд гүйцэтгэх захиалагчийн үүргийг тодотгож өгсөн. Эмчилгээ, үйлчилгээ хийх эмнэлгийн барилгын зураг төслийг боловсруулахдаа орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга зүй, эмнэлгийн техник технологи, тоног төхөөрөмжийн шаардлагыг харгалзан боловсруулахаар тусгасан.

-Шинээр боловсруулсан норм дүрэм заавал мөрдөх норм дүрэм үү?

 -Шинээр боловсруулсан норм дүрэм нь заавал мөрдөх норм дүрэм. Харин өмнөх барилгын дүрэм БД 31-115-12 нь зөвлөмжийн чанартай тул хэвээрээ үлдэж болох юм. Норм дүрмийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, дүрэм, стандартуудтай уялдуулан боловсруулсан боловч, эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжил, эмчилгээ, үйлчилгээний арга технологи, техник технологийн хөгжил, дэвшилтэй холбогдох заалтууд нь мэдээж, хуучинтай зөрчилдөхийг үгүйсгэхгүй. Шинэ норм дүрмийг мөрдсөнөөр олон улсын жишигт хүрэх эмнэлгийн барилгын зураг төслийг дотооддоо боловсруулах боломжтой болно.

Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ ЭМХЭТГЭЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624197
0 эможи

keyboard_arrow_up