Прокурорын байгууллагын 17 дахь “ГАВЬЯАТ ХУУЛЬЧ”
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, прокурорын байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболдыг Монгол Улсын “Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагналаа.
Шинэхэн гавьяатыг Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.Алиманцэцэг, М.Чинбат нар болон Улсын Ерөнхий Прокурорын газрын газар, хэлтэс, албадын дарга, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.
Монгол Улсын “Гавьяат хуульч” цолоор шагнагдсан Ц.Ариунболд нь 1986 онд Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хэсгийн прокуророор ажиллаж эхэлснээс хойш бүх шатны прокурорын газарт тасралтгүй 34 жил, тэр дундаа Улсын Ерөнхий прокурорын газрын удирдах бүрэлдэхүүнд олон жил ажиллаж байна.
Тэрээр 2000-2010 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэхдээ ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг шинэчлэн сайжруулахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтын олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар “Цагдан хорих байранд хоригдогчдын өрөө солих журам”-ыг батлан мөрдүүлсэн бөгөөд үүний үр дүнд хүний эрхийг хангах чиглэлээр эерэг үр дүн гарч хорих ангийн үйл ажиллагаатай холбоотой гомдол 60 гаруй хувиар, хоригдсон этгээдийн үйлдсэн сахилгын зөрчил 50 орчим хувиар тус тус буурчээ. Мөн Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Эрүүгийн болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй уялдуулан прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар, мөрдөн шалгах ажиллагааны журам зэрэг удирдамжийн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Ийнхүү прокурорын байгууллага шинэхэн гавьяатаа угтан авснаар нийт 17 “Гавьяат хуульч” цолтонтой боллоо.