Ж.Эрдэнэбатад хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ авч, СУЛЛАХ шийдвэр гаргалаа
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд дээрх хүмүүсийг СУЛЛАХ ШИЙДВЭР гаргасан байна.
Тодруулбал, шүүхээс Ж.Эрдэнэбатад хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ангиас суллах шийдвэрийг гаргасан байна.
Энэ оны 1-р сарын 15-нд Улсын Дээд шүүх түүнд оноосон 6 жил хорих ялыг хүчингүй болгож, хэргийг нь прокурорт буцаасан билээ.
Хэргийг эргэн сануулахад, Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулаад байсан.