ХХААХҮЯ: Хаврын тарилалтын бэлтгэл ажил явагдаж байна
2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна.
Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор үр импортлын зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ОХУ-аас 900 тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байгаагийн зэрэгцээ 3380 тонн үр замд яваа мэдээлэлтэй байна. Түүнчлэн тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд арвайны үр 500 тонн, хошуу будааны үр 650 тонныг тус тус импортоор аваад байгаа мэдээтэй байна.
10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100.0 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг Хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байна.
Бүгд найрамдах Польш Улсын Засгийн 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, ногооны үрлэгч, хураагч комбайн, копатель, хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийтдээ 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр тендерийн баримт бичгийг боловсруулж байна.
ОХУ-аас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник нийлүүлэх, Бүгд найрамдах Беларусь улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр санал боловсруулан ОХУ болон БНБУ-ын талд хүргүүлж хамтран ажиллаж байна.
Бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд нь усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэх болно.
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлж иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр олгох, улмаар “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.Энэхүү хөнгөлөлт дэмжлэгт урьдчилсан байдлаар хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж байна.
Улсын төсвийн 300.0 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцлөөр олгосноор хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар нэмэгдүүлэн, төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
“20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд томоохон уул уурхайн компани, олон улсын байгууллагуудад танилцуулж санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 55.0 сая төгрөгийн санхүүжилтээр нэг аймагт суулгац үржүүлгийн төв байгуулж дотоодын суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр “Монгол чацарганы нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, экспортыг дэмжих” туршилтын төсөл хэрэгжүүлж чацарганы өрсөлдөх чадварыг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилтын хүрээнд тариалангийн үйлдвэрлэлд 2021 онд ашиглаж болох химийн бордоо, ургамал хамгааллын бодисын нэр төрөл, тоо хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэл хотод байгуулагдах 16.0 мянган тоннын багтаамжтай, 90.0-100.0 мянган тоннын эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн дэд бүтэц, цахилгаан, шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байна.
Тариалангийн бүсээс уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг тодорхой үе шаттайгаар гаргах, аймгуудад тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд тариаланчдад мэдлэг олгох, шинэ мэдээлэл өгөх чиглэлээр нийтдээ 150 гаруй хүнийг хамруулсан 3 удаагийн сургалт, уулзалт, семинарыг цахимаар зохион байгуулаад байна.