Ж.УРАНЦЭЦЭГ: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүд осолдсон хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдсэн

2021 оны 2 сарын 23

Arslan.mn

УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэгтэй “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн гаралт, хяналт шалгалтын талаар ярилцлаа.

Улсын Ерөнхий прокурорын газраас гаргасан 2020 оны тайлан мэдээлэлд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” өссөн дүнтэй байна.  Өнгөрөгч онд танай газраас яг хэчнээн хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн бэ?

2020 онд прокуророос “Хүрээлэн байгаа орчны эсрэг” 1282 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оноос 37 хувиар өссөн байгаа. Энэ нь экологийн цагдаагийн алба шинээр байгуулагдаж, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэж байна. Мөн өнгөрсөн  онд ”Хүрээлэн байгаа орчны эсрэг” 559 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Үүнээс 492 хэрэг буюу 88 хувийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 5.6 хувиар өссөн тоон үзүүлэлт байна.  Тухайлбал, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох“ 527 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 193 хэргийг хааж, гурван хэргийг хэрэгсэхгүй болгож, 130 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд  шилжүүлсэн.  Дээрээс нь нэмж дурдахад, хяналт тавьж ажилласан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн 44.5 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 36.1 хувийг  хууль бусаар мод бэлтгэх, 11.7 хувийг хууль бусаар ан агнах хэрэг тус тус  эзэлж  байна.

Шүүхийн шатанд хэчнээн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэв?

2020 онд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс 577 хүнд холбогдох 399 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Ихэвчлэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон, хууль бусаар мод бэлтгэсэн, хууль бусаар ан агнасан, амьтны эд эрхтэн тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэх хэргүүдийг шийдвэрлэсэн байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тохиолдол олон аймаг сумдад гарч байна. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хор хохирол учруулсныг нөхөн төлүүлэх, барагдуулах нь хуулийн байгууллагынхны үүрэг.  Өнгөрсөн онд хүрээлэн байгаа орчинд учирсан хэр хэмжээний хор хохирлыг хууль зөрчигчдөөр нөхөн төлүүлсэн байдаг вэ?

Тиймээ, 2020 онд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэг Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд аймагт зонхилон гарсан байна. Үүний улмаас 6.475.348.686 төгрөгийн хохирол учирснаас  24.938.632 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.  

Нөхөн төлбөрийн хэмжээг тооцох аргачлалын талаар ярьж өгөхгүй юу. Манай хуулиар уул уурхайн улмаас байгаль орчинд хохирол учруулсан хэрэгт ямар шийтгэл оногдуулдаг юм бэ?

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  тушаалаар “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг баталсан байдаг. Энэ аргачлалаар ашигт малтмалыг хууль бус олборлосноос  учирсан  хохирлын хэмжээг тогтоохдоо  хууль бус олборлосон ашигт малтмалын хэмжээг ашигт малтмалын зах зээлийн үнээр үржүүлж, нөхөн сэргээлт хийх ажлын зардлыг нэмж тооцож тогтоодог. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлдэг.

Эрүүгийн хуульд “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт  иргэнийг 5 сая 400 мянган төгрөгөөс 40 сая төгрөг хүртэл торгох,  эсхүл нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр, хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 200-400 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр хуульчилсан байдаг.

Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа 3000 гаруй компани байгаа ч тэдний дунд хууль журмын дагуу нөхөн сэргээлт  хийдэг нь тун цөөхөн. Нөхөн сэргээлт хийдэггүй компаниудын тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөөч гэсэн гомдол иргэдийн зүгээс  их ирдэг юм билээ. Харамсалтай нь хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийг нь цуцалдаггүй гэх юм. Хариуцлага хүлээлгэхэд юу саад болоод байдаг юм бэ?

Тусгай зөвшөөрлийг хуульд тогтоомжид заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас олгодог. Эрх бүхий байгууллагаас явуулсан хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээс тогтоосон хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдож улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй бол  цуцална. Хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцалдаггүй. Харин Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол шүүх хуульд зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулдаг.

Хууль бус ан агнуурын улмаас ховор ан амьтны тоо 70-90 хувь буурсан гэх албаны мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийн гаралт их байгаа гэсэн үг. Прокурорын байгууллагад энэ төрлийн гэмт хэргийн талаарх сүүлийн үеийн тоо мэдээлэл юу байна?

Тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтныг хууль бусаар агнасан 35 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 10 хэргийг хааж, 13 хэрэгт  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ нь өмнөх оноос дөрвөн хэргээр буюу 12.9 хувиар өссөн гэсэн үг. Судалгаагаар хууль бусаар ан агнах хэрэг Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл аймагт хамгийн их үйлдэгдсэн. Ховд аймагт янгир, хулан агнасан, Баян-Өлгий аймагт хотон шувуу агнасан, ирвэсний арьс хадгалсан,  Хөвсгөл аймагт халиун буга, согоо, зэрлэг гахай, хүдэр агнасан хэргүүд үйлдэгдсэн байна.

Нэн ховор ан амьтдыг агнасан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ“ гэж хуульчилсан байдаг.

Зэрлэг ан амьтны эд эрхтэн хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг өнгөрсөн жил хэчнээн гарсан бэ?

2020 онд  амьтны эрхтэн улсын хилээр гаргасан нэг гэмт хэрэг үйлдэгдсэн  байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн хяналтын бүсээр ховор амьтан болох халиун бугын чив, цусан эврийг хилээр гаргасан гэмт хэрэг гарсан. Хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн.

Байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдээлбэл холбогдох хууль тогтоомжийн дагуу цагдаагийн байгууллага төлбөртэй авдаг гэдэг үнэн үү?

Байгаль орчны эсрэг гэмт хэргийн мэдээллийг Цагдаагийн байгууллага төлбөртэй авах талаар  тусгайлсан зохицуулалт бол байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг тогтоож өгсөн байдаг. Энд зааснаар гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээллийг 50 мянгаас хоёр сая хүртэл төгрөгөөр төлбөртэй авч болохоор байдаг юм.

Хууль бус мод бэлтгэлтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ төрлийн гэмт хэрэгт хүлээх хариуцлага юу байдаг вэ? 

“Хууль бусаар мод бэлтгэх” 464 хэрэгт хяналт тавьж ажилласан. Үүнээс 145 хэргийг хааж, 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн тоо баримт байна. 2020 онд “Хууль бусаар мод бэлтгэх" гэмт хэргийн улмаас 4 тэрбум 496 сая 170 мянга 52 төгрөгийн  хохирол учирснаас  114 сая 892 мянга 858 төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт хамгийн ихээр үйлдэгдсэн байна. Иргэд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хуульд зааснаар 450 мянган төгрөгөөс 5 сая 400 мянган төгрөг хүртэл  торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулдаг. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар мод бэлтгэсэн бол  нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 20  сая төгрөгөөс 120 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр заасан  байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч энэ эрхээ бид эдэлж байгаа эсэх эргэлзээтэй. Жишээ нь, нийслэлчүүдийн ундны эх үүсвэр болж буй Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, голын бургас модыг нь огтлох хэрэг зөрчил их гардаг.

Туул гол бол нийслэлчүүдийн ундны эх үүсвэрийг хангадаг. Туул голын дагуу  түгээмэл тархацтай  ашигт малтмал олборлосон, голын модыг огтолсон зөрчил цөөнгүй гардаг. Энэ талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй бол Цагдаагийн байгууллага, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан эрх бүхий байгууллагын албан тушаалтан шалгаж шийдвэрлэдэг байгаа. Туулын голын байгалын тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх хамгаалахын тулд төрийн болон нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Нийслэл хотод гарсан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт  хэргийн тухайд прокурорын байгууллагаас хэчнээн хэрэгт хяналт шалгалт хийсэн бэ?

2020 онд нийслэлийн хэмжээнд “Хүрээлэн байгаа орчны эсрэг” 98 хэрэг  гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Үүнээс  52 хэргийг хааж, нэг хэргийг хэрэгсэхгүй болгож, 23 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Нийслэлд зонхилон химийн хорт аюултай мөнгөн ус ашигласан, худалдсан, нойтон мод бэлтгэсэн, нэн ховор амьтны эд эрхтэны худалдах гэсэн, тээвэрлэсэн хэргүүд гарч, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Туул голын сав газраас элс, хайрга олборлох зорилгоор ухсан олборлолтын талбайд хүүхэд осолдож нас барсан хэрэг хүртэл гарч байсныг санаж байна…

2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнгийн баруун урд “Хам талст” ХХК-ний  наран шарлагын газар байгуулах үйл ажиллагаа явуулж байсан талбайд хүүхдүүд осолдсон. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газар хяналт тавьж, 2020 оны 12 дугаар сард тус компанийн захиралд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

“Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах” төрлийн гэмт хэрэг Туул голын орчимд их гардаг болов уу. Хамгаалалт, хязгаарлалтын бүсэд хамрагдах талбайд барилгын хог хаягдал хаях, голын эрэг дагуу төв замаас салаалсан олон шороон замаар хүмүүс зорчиж голын эрэг дээр гал түлэх, хог хаягдал хаях, машинаа угаах, зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхлэх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүхэн нь байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцогдох уу?

Туул голын орчим  голын эрэг дээр гал түлэх, хог хаягдал хаях, машинаа угаах, зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхлэх нь Зөрчлийн хуульд заасан зөрчилд хамаардаг юм. Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт аюултай бодисыг хаясан тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог байгаа.

Туул голын эрэг, Зайсангийн амаар зөвшөөрөлгүйгээр барилга байшин барьсан тохиолдол олон байдаг. Энэ талаарх хэрэг маргаан прокурорын газарт хэр их ирдэг вэ?

Энэ талаарх цөөн бус гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Үүнд прокурорын байгууллага хуульд заасан чиг үүргийн  дагуу хяналт тавьж  ажиллаж байна.

-Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: Өглөөний сонин 2020.02.23 №35

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623908
0 эможи

Zochin
2021-02-23 22:52
Ajil alva haruytslagtai guitsetgej baiga ta buhend ulam ih amjilt huse! Tuul golin ergin dagu humusig tsugatsulah gazrudig hah heregtei bna! Mun Bogd uul dagad bakhn gada bue zasah gazrud! hursni bohirdol ded zeregte hurne! hurs nuj tuul gol ruu orno!УБ-чуулыг undaldg gants golig hamgalaltand awh bolod bkhd!hen gedeg erh medeltengud! Turul burin uilchilge tawulah gazar neged! Vaigalu orchin bohirdulad baigag oloh hetegtei bna!
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up