Орцонд 30 цаг тусгаарлагдсан эмэгтэйн талаарх мэдээлэл Засгийн газар болон ХӨСҮТ-д ирээгүй
2021 оны нэгдүгээр сард орон сууц худалдан авахаар үзэж явсан эмэгтэй тухайн байранд халдвар гарсан гэх шалтгаанаар орцонд 30 цаг байсан. Халдвар гарсан гэсэн учраас тухайн эмэгтэйг айлууд оруулаагүй. Ингээд ариун цэврийн өрөө орж чадахгүй, хоолгүй 30 цаг хоригдсон. Энэ мэт хүнлэг бус үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ гэх сэтгүүлчийн асуултанд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ тухай мэдээлэл бидэнд ирээгүй. Бидэнд хандаагүй. Энэ асуудлыг судлаад, шалтгааныг нь олоод хариу өгье. Халдвар батлагдсан үед ХӨСҮТ батлагдсан тохиолдлоо аваад, ойрын хавьтлуудыг нь тусгаарлаад, хоёр дахь хавьтлуудад НЭМГ тандалт хийгээд, шинжилгээ аваад ажиллаж байгаа. Энэ явцад иймэрхүү асуудал гарсан байж болзошгүй юм байна. Судлаад танд хариу өгье." хэмээлээ.
Тэгвэл УОК-ын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Засгийн газарт үүнтэй холбоотой өргөдөл гомдол ирээгүй. Олон нийттэй харилцаж байгаа надад өдөрт дунджаар 200 орчим асуулт, санал хүсэлт, гомдол ирдэг. Нэгдүгээр сарын 29-нд байр үзэж яваад орцонд тусгаарлагдсан гэсэн гомдол ирээгүй. Асууж лавлая. Хаана алдаа гарсныг шалгая." хэмээлээ.