С.БИЧИНХҮҮ: Иргэд ахуйн хэрэгцээнд түлээний мод бэлтгэхдээ зохих байгууллагаас ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ёстой
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн талаар Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бичинхүүтэй ярилцлаа.
Архангай аймгийн хэмжээнд ямар төрлийн гэмт хэрэг түгээмэл гардаг вэ? “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн гаралт ямар байна вэ?
Архангай аймагт Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд түгээмэл гардаг. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг дотроо Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг ихээхэн хувийг эзэлдэг. Архангай аймгийн нийт газар нутгийн 19 хувийг ой мод бүхий талбай эзэлдэг учраас бусад аймгуудтай харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг их гардаг юм. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн хувьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 онд 7, 2019 онд 5 хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай иргэнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж байсан бол 2020 онд энэ тоо огцом өсөж 27 хэрэг, 2021 оны 1 дүгээр сарын байдлаар 7 гэмт хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Цагдаагийн байгууллагад 2020 онд бүтцийн өөрчлөлт хийгдэж Экологийн цагдаагийн алба байгуулагдан, нэгжүүдэд нь дагнасан мөрдөгч ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн гэж үзэж болно. Ер нь Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна.
Манай улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг хэрхэн зохицуулсан байдаг вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд ой модыг төрийн нийтийн өмч гэж заасан байдаг. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгалийн баялгийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн дагуу ашиглаж болно гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний төлбөр хураамжийг орон нутгийн засаг захиргаанд төлж, эрх бүхий албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрөл авч байж ашиглаж болдог. Харин зөвшөөрөл авалгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаанд, тогтоосон хэмжээний модыг бэлтгэж тээвэрлээгүй тохиолдолд Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг гэж үздэг. Зөрчлийн тухай хуульд мод бэлтгэх, тээвэрлэхтэй холбоотой зүйл заалт байхгүй. Эрүүгийн хуульд зөвшөөрөлгүйгээр ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцож тухайн хүнд торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялын төрлөөс аль нэгийг нь хүлээлгэдэг. Хэрвээ энэ гэмт хэргийг бүлэглэн, байнга, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол, мөн төрийн албан хаагч үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлдэг. Түүнчлэн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол тухайн хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120 сая хүртэлх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай. Уг гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэхдээ хууль бусаар бэлтгэсэн мод, ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, сүх зэрэг бусад багаж зэвсгийг нь хурааж улсын орлого болгодог. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлыг нь 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлж шийдвэрлэдэг юм.
Архангай аймгийн хэмжээнд “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг их гарч байгаа шалтгаан нөхцөл юу вэ? Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд ямар арга хэмжээ ажиллаж байна вэ?
Архангай аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд гарч буй “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг 2020 оны байдлаар судалсан. Судалгаанаас харахад иргэд модыг түлшинд хэрэглэх, зарж борлуулах, хашаа, хороо барих зорилгоор ихэвчлэн бэлтгэж, тээвэрлэж байна. Мөн мод бэлтгэхдээ зөвшөөрсөн хэмжээгээр бэлтгэдэггүй, тогтоосон хугацаанд нь тээвэрлэлт хийдэггүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу мод бэлтгэх, тээвэрлэх талаар хуулийн мэдлэг сул байгаа нь энэ гэмт хэрэгт холбогдох шалтгаан болж байна. Иймээс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандаж сум хариуцсан байгаль хамгаалагч нарын үйл ажиллагаанд анхаарч, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, иргэдийг хууль эрх зүйн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн. Мөн судалгааны дүнгийн талаар мэдээлэл бэлтгэж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэх ажлыг зохион байгуулсан.
Иргэд зохих байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн ахуйн хэрэгцээндээ мод бэлтгэх нь эргээд эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог гэсэн үг үү?
Иргэд хамгийн гол нь хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг сум хариуцсан байгаль орчны байцаагч буюу байгаль хамгаалагчаас авч, заасан хэмжээгээр тогтоосон хугацаанд нь бэлтгэж тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуульд байгаль орчноо хамгаалах нь иргэний журамт үүрэг гэж заасан байдаг. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Жилд дунджаар 100-аас 200 га ой устаж, эдгээрийн 90% нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж устаж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дүгнэсэн байдаг. Ой мод бол цэвэр агаар, цэнгэг усны эх ундаргатай салшгүй холбоотой учраас Монгол хүн бүр байгаль түүний дотроос ой модоо хайрлан хамгаалах, иргэний журамт үүргээ сахин биелүүлэхийг уриалж байна.