Хулгайн замаар орон нутаг руу зорчих зөрчил нэмэгджээ
Хөл хориотой эдгээр өдрүүдэд "Драгон" худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж, орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалттайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд хулгайн замаар тээвэр хийдэг байсан нь тогтоогджээ. Уг зөрчлийг СХД дэх цагдаагийн III хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Тус хэргийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, 49 настай эрэгтэй, жолооч П, 40 настай жолооч А нар үйлдсэн байна.
Мөн Дархан-Уул аймгийн харьяат 43 настай Э, 37 настай Ж нар Дарханаас Улаанбаатар хүртэл хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон, өртөөчилсөн байдлаар тээвэрлэдэг байжээ. Зорчсон иргэдийн шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа дууссан, нэг иргэн сүүлийн 21 хоног огт шинжилгээнд хамрагдаагүй гэх эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байна.