СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, гурван иргэн амиа алджээ
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Булаг”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 10:02 цагт онцгой байдлын албан хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Харамсалтай нь уг гал түймэрт иргэн 53 настай иргэн, эмэгтэй Ө, 49 настай иргэн, эрэгтэй Б болон гурван настай, эрэгтэй Ч нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сар шинийн баярын өдрүүдээр:
- Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
- Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
- Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
- Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
- Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
- Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
- Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.