Ц.Амарсанаа: Барилгын хөгжлийн төв үйл ажиллагаагаа цахимжуулахад онцгой анхаарал хандуулан ажиллана
Барилгын хөгжлийн төвийн захирал Цэрэндоржийн Амарсанаа Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Дэлгэр Монголын зон олон, элгэн түмэндээ XII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье.
Нэгэн зуунд тэмүүлэн урагшилж буй Монголын барилгын салбарын түүхийг бичилцсэн үе үеийн барилгачдын маань халуун сэтгэл, хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ шингээсэн бүтээн байгуулалт өрнөсөөр, хот суурин өргөжиж, өндөр барилгууд сүндэрлэсээр байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон бид Төрөөс барилгын салбарт баримтлах бодлого, Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилтуудтай уялдуулан 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөсөн бөгөөд барилгын чанарыг сайжруулах, дотоод дахь үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, барилга орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг, түргэн шуурхай, чанар хүртээмжтэй үзүүлэх, дижитал эрин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэх зорилгоор цахим засаглалын бодлогыг дэмжиж, үйл ажиллагаагаа цахимжуулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллах болно.
Барилга, бүтээн байгуулалтын салбарын эд эс нь болж улс орныхоо хөгжилд гар, бие оролцон хүн ардынхаа ая тухтай амьдралын төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж яваа төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Айлчлан ирж буй шинэ жилдээ ажил үйлс тань амжилтаар арвин байж, хөгжил дэвшилд хөтлөх хөдөлмөр бүтээл ундарч, сэтгэл өөдрөг, зүтгэл өрнүүн, эрүүл энх, саруул сайхан байхын ерөөл өргөе." хэмээв.