Барилгын хөгжлийн төв АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ үзүүллээ
Монголынхоо ард түмний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө, цаг нартай уралдан ажиллаж, ачааны хүндийг үүрч ирсэн ахмад үеийнхнийхээ алдар гавьяа, амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэлийг энэ салбарын залгамж халаа болсон хойч үеийнхэн бид мартах учиргүй билээ.
Барилгын хөгжлийн төвөөс жил бүрийн сар шинийн баярыг угтан Барилгын салбартай ажил амьдралаа холбосон, тэр дундаа Барилгын хөгжлийн төвд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж буй ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ахмадууддаа “ЦАХИМААР” хүндэтгэл үзүүллээ.
Улс орныхоо өнгө төрх, хот суурины хөгжлийн цаана мянга мянган барилгачид, үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, зүтгэлээр их бүтээн байгуулалт өрнөж, үе үеийн барилгачдын хариуцлага, халуун сэтгэлээ шингээн урласан барилга байгууламжууд сүндэрлэсээр байна.
2021 онд Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа бөгөөд салбарынхаа түүхэнд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн ахмадууддаа түүхт 95 жилийн ойн мэнд дэвшүүлж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.