Зөрчлийн хэрэг нийслэлд нэмэгдэж, орон нутагт буурсан байна
Энэ оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад нийт 31,894 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 11.7 хувиар өссөн байна. Зөрчлийн хэрэг Нийслэлд 21.4 хувиар өсөж, орон нутагт 5 хувиар буурсан дүнтэй байна.
Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл Цагдаагийн байгууллага 98.99 хувийг, Мэргэжлийн хяналт 0.20 хувийг, Онцгой байдал 0.05 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 0.77 хувийг нь тус тус шалган шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн хуулийн этгээд 68.4 хувиар, шийтгүүлсэн хүн 13.1 хувиар өссөн байна.
Мөн зарим төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өсжээ. Тухайлбал:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 23.5%
- Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 77.8%
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 13.2%
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 1.2%-аар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.
Харин энэ оны эхнээс төдийлөн буурахгүй байсан Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 64.3 хувиар, Хулгайлах зөрчил 50 хувиар, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 25.1 хувиар, Хүний биед халдах зөрчил 14.4 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 4.5 хувиар, Танхайрах зөрчил 3.2 хувиар тус тус буурчээ.
Сүүлийн үед тоо хэмжээ нь байнга нэмэгдсээр байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 69.1 хувь нь Нийслэлд, 30.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэнээс Чингэлтэй дүүрэгт сүүлийн хоёр долоо хоногийн адил хамгийн их буюу 7,810 үйлдэгдсэн бол Сүхбаатар дүүрэгт 4,359, Баянзүрх дүүрэгт 2,655, Баянгол дүүрэгт 2,583 удаа үйлдэгдсэн байна. Харин энэ төрлийн зөрчил орон нутагт Өмнөговь, Хэнтий, Ховд аймгуудад хамгийн их гарчээ.
Эх сурвалж: УЕПГ
|