Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
2021 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас ороогүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 10-14 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ, 11, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.