Б.АЛТАНЦЭЦЭГ: Баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглавал эрүүгийн ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

2021 оны 2 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ үед Улсын Онцгой комиссоос зайлшгүй шаардлагатай тусгай чиг үүрэг бүхий 11 чиглэлийн 13 байгууллагын тээврийн хэрэгслийг автозамын хөдөлгөөнд оролцуулахаар “QR” кодыг олгосон. Гэтэл иргэд “QR” кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцох явдал цөөнгүй гарсан байна.

Прокурорын байгууллагад хөл хорио тогтоосон хугацаанд QR код хуурамчаар үйлдсэн, хууль бусаар бусдад олгосон гэх гэмт хэргийн шинжтэй нийт 60 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 47 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 3, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 2 хэрэг байгаа юм.  Эдгээр хэргүүдээс дийлэнх нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ.

Хуурамч QR кодтой холбоотой хэргийн талаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Алтанцэцэгээс тодруулсан юм.

Хан-Уул дүүргийн прокурорын газар хуурамч QR кодтой холбоотой хичнээн хэрэгт хяналт тавьж ажиллаж байна вэ?

Өнгөрсөн оны 11 сарын 27-ноос энэ оны 1 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд  Хан-Уул дүүргийн прокурорын газарт хуурамч QR кодтой холбоотой  6 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн ба 2 нь шалгагдаж  дуусаагүй байна. Үүнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 1, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 1 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Харин иргэн Б-д холбогдох “QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцсон” гэх эрүүгийн хэрэгт тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд, иргэн Б-г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Шүүгдэгчид  ямар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн бэ?

Дээрх хэргийн тухайд шүүгдэгч Б нь гэрийнхээ компьютер дээр Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо ашиглан явж байсан нь тогтоогдож, улмаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Прокуророос тухайн иргэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.  

Энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор иргэдэд хандаж анхааруулж хэлэх зүйл юу байна вэ?

Иргэд QR кодыг хуурамчаар үйлдэн, ашиглаж байгаа үйлдлээ энгийн жижиг зүйл мэт ойлгож байгаа ч энэ нь эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл хэмжээнд үр дагаварт хүргэнэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Улсын онцгой комисс 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 2 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих шийдвэр гаргасан. Энэ үед иргэд замын хөдөлгөөнд оролцох зорилгоор аливаа тусгай зөвшөөрөл, албаны үнэмлэх зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхгүй байхыг Хан-Уул дүүргийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623364
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up