Цагаан сарын барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлт гаргажээ

2021 оны 2 сарын 05

Arslan.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах санал гарсан. Гэвч Улсын онцгой комисс уг саналыг нь дэмжээгүй юм. Үүнтэй холбоотойгоор тус холбооноос нийслэлийн Онцгой комисст албан бичиг хүргүүлжээ. Монголын үндэсний бөхийн холбоо Цагаан сарын барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтэй байгаа юм байна.

Нийслэлийн Онцгой комисст хүргүүлсэн албан бичигтээ "Монгол түмний уламжлалт сар шинийн бөхийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хотод хөл хориог тогтоохтой холбогдуулан Улсын онцгой комиссоос зохион байгуулагдах боломжгүйг зарлалаа. Дэлхий нийт энэхүү шинэ төрлийн цар тахлыг сөрж, түүнтэй зохицон амьдрах хэв маягт орж байгаа үед Монгол улс тодорхой оновчтой шийдэл огт үгүй байж хөл хориог олон сараар тогтоож, соёл урлаг, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй болж байгаа нь нийгэмд эерэг уур амьсгал үгүй болж, бухимдал, архидалт, хүчирхийлэл улам ихсэж байгааг та бид бүхэн бүгд мэдэж байгаа.

Олон зуунаас уламжилж ирсэн Сар шинийн баяр нь Монгол түмний сайн сайхны эхлэлийн билэгдэл болж байдаг тул олон нийт, бөхчүүд энэхүү өдрийн барилдаанд ихээхэн ач холбогдол өгч байдаг. Монголын үндэсний бөхийн холбоо нь Сар шинийн барилдааны талаар өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргад албан ёсоор хандаж түүний дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штабаас зохих заавар, зөвлөгөөг аван хэрэгжүүлж ажилласан. Үүний дагуу барилдах бөхчүүд болон ажиллах жаяг дэгийн баг болох нийт 190 хүний тусгаарлагдах байр, хоол, бусад зардлыг шийдвэрлээд байлаа. Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод тодорхойгүй шалтгааны улмаас нэмэгдсэнтэй холбогдуулан барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул энэхүү барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж байна.

Иймд нийслэлийн Онцгой комиссоос Монголын үндэсний бөхийн холбоонд сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах телевизийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг энэ сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд авах, энэ сарын 11-нд Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг Монголын үндэсний бөхийн холбоо бүрэн хариуцах бөгөөд нислэгийн хоёр онгоцны захиалгыг өгсөн байгаа болно" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623342
1 эможи

keyboard_arrow_up