ШӨХТГ цэнхэр, ягаан тасалбарын тодорхой бус байдлыг шалгахаар болжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын ашиглалт, зарцуулалтын талаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалгалт хийхээр болжээ. "Хөрөнгө оруулалтын буюу өмч хувьчлалын эрхийн бичиг нэрээр анх гарч байсан цэнхэр, ягаан тасалбарын мэдээлэл болон санхүүгийн зарцуулалт өнөөдөр тодорхой бус байсаар байна. 1991-1994 онд цэнхэр, ягаан тасалбар авсан 250 мянга орчим иргэн бий" гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан мэдээнд дурджээ. Тиймээс тус байгууллага үндсэн чиг үүргийнхээ хүрээнд энэхүү эрхийн бичгээр хэн хаана, ямар компанийн хувьцаа авч хөрөнгө оруулсан болон хүүг нь хэн авч буй талаар хяналт, шалгалтыг хийх юм байна.
Хяналт шалгалтыг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс эхлэх бөгөөд хичнээн хүний хувьцаа ямар ААН, компаниуд дээр байрлаж, ногдол ашиг нь хэр хуримтлагдсан, үүнийгээ тухайн иргэн авч байгаа эсэх зэргийг тодорхой болгох ажээ. Тодорхой бус байдлаар цэнхэр, ягаан тасалбартай холбоотой 10 гаруй тэрбум төгрөг энд хөндөгдөнө гэж тооцсон байна.
Дашрамд дурдахад Монголын Хөрөнгийн биржээс 2018 онд цэнхэр, ягаан тасалбарын талаар олон нийтэд мэдээллэхэд гурван өдрийн дотор 6400 гаруй хүн үнэт цаасны дансаа шалгуулж байжээ. Улмаар иргэд нэг тэрбум орчим төгрөгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргуулж авсан байна.