УИХ-ын гишүүн С.Ганбаатарын майханд цахилгаан халаагуур холбож өгчээ
УИХ-ын гишүүнд С.Ганбаатар 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс Төв талбай дээр майхан барин, хугацаагүй өлсгөлөн зарласантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу “..жагсаал цуглааны үед хэв журам хамгаалалт, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах” үүргийг гүйцэтгэн жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, дэлхий нийтийг хамраад байгаа Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлээр хэв журмын хамгаалалт, явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэж буй.
Тус жагсаал цуглааны үеэр Д.Сүхбаатарын талбай руу Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хориглосон орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц зүйл буюу шатах, тослох материал ашигладаг цахилгаан үүсгүүр, ил гал гаргах хэрэгсэл нэвтрүүлэхийг завдсан тул тухайн иргэдэд холбогдох хуулийг сахиулан буцаажээ.
Хүний эрхий комиссоос Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ гишүүн С.Ганбаатарын байрлаж буй майхныг цахилгаанаар хангах тухай асуудлыг цагдаагийн байгууллагад тавьсны дагуу нийслэлийн Цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагад уламжлан 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр өлсгөлөн зарлаж байгаа иргэний майханд цахилгаанд холбож, гурван тенийг залгаж өгчээ.